ЕХ еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бууруулжээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-17 15:05:33

БРЮССЕЛЬ. /VOA/. Европын Комисс /ЕКОросын түрэмгийллээс үүдэн эрчим хүчний үнэ эрс өсөж байгааг харгалзан еврогийн бүсийн 2022 оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг даваа гарагт 2.7 хувьд хүргэн бууруулжээ. 


Дайн мөн еврогийн бүсийн инфляцын таамаглалыг дахин нягтлахад хүргээд байгаа бөгөөд хэрэглээний үнийг 3.5 хувиар өснө гэж таамаглаж байсан бол одоо 6.1 хувьд хүрэх тооцоо гарсан байна.


“Европын Холбооны /ЕХ/ эдийн засаг Орос-Украины дайны хугацаанд хүндхэн цаг үеийг туулах нь эргэлзээгүй байна. Үүнийг харгалзан урьдчилсан таамаглалаа буурууллаа” гэж ЕК-ын дэд Ерөнхийлөгч Валдис Домбровскис хэлжээ.


Тэрбээр үргэлжлүүлэн, хамгийн их сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлээр эрчим хүчний үнэ өсөж, улмаар инфляц түүхэн дээд түвшинд хүрч, Европын бизнес, айл өрхүүдэд дарамт учруулах явдлыг нэрлэжээ. Дайны явц маш тодорхойгүй, стагфляцын эрсдэл бодит хэвээр байгааг ЕХ анхааруулсан байна.


Хэрэв ЕХ-ны эрчим хүчний гол ханган нийлүүлэгч ОХУ Европ руу нефть, хий нийлүүлэхээ бүрэн зогсоовол урьдчилсан таамаглал улам буурна гэдгийг ЕК сэрэмжлүүлжээ. ЕХ-ны комиссар Паоло Жентилонигийн ярьснаар, урьдчилсан таамаглалыг туйлын тодорхойгүй хийгээд эрсдэлтэй нөхцөлд тооцоолсон байна.


ЕХ-ны өсөлтийг бүхэлд нь /евро ашигладаггүй найман орныг оруулсан/ авч үзвэл энэ онд мөн еврогийн бүсийнхтэй адил 2.7 хувиар өсөх төлөвтэй байгаа нь хоёрдугаар сарын таамаглалаас /4 хувь/ буурсан үзүүлэлт болжээ.


Хэтийн төлөвийг ийнхүү эрс бууруулж байгаа нь Олон улсын валютын сангаас дөрөвдүгээр сарын дундуур танилцуулсан урьдчилсан таамаглалтай нийцэж байна. Тус байгууллага энэ онд еврогийн бүсийн эдийн засаг 2.8 хувиар өснө гэж таамагласан юм. 

Related news