Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-05-11 16:20:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих зөвшөөрлийг олгосныг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэв.


Тэрбээр, “Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталж, Үндэсний баялгийн сангийн тухай концефцийг оруулж ирсэн. Ингэхдээ гадаадын баялгийн 100 гаруй сангийн нийтлэг зарчим, бодлого төлөвлөлтийг уялдуулсан байгаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хөгжлийн болон хуримтлалын сантай байх бодлоготой нийцүүлэн боловсруулсан. Өнөөдрийн өргөн барьсан хуульдаа хөгжлийн сан нь дахин нөхөгдөшгүй байгалийн баялгийг арвижуулах, үржүүлэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилт бий болгоно гэсэн зарчмыг тусгасан” гэдгийг тэмдэглэсэн юм.


Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилгоор хуримтлалын болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болжээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нь үндэсний баялгийн сангийн төрлийг тогтоож, тус сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, сангийн тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. Тус хуулийн төсөл нь 3 бүлэг, 10 зүйлээс бүрдэж байна.


Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулжээ. Тус хуулийн төслийг дагалдуулж Хөгжлийн сангийн тухай хуулийг боловсруулж, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан аж. 


Түүнчлэн, иргэдийн дунд Үндэсний баялгийн сангийн хэлэлцүүлгийг  зохион байгуулахаар төлөвлөжээ.


Related news