“Дархан цом” мөсний загасчлалын тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-12 12:52:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймгийн ногоон хөгжлийг дэмжих бодлого, спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулдаг мөсний загасчлалын аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнийг Монголын загасчлалын холбоо, аймгийн ЗДТГ, БОАЖГ, Дарханы загасчлалын спортын холбоо хамтран зохион байгуулж байна. “Түшиг уул” ХХК-ийн хиймэл нууранд болж буй уг тэмцээнд 12 багийн 60 гаруй тамирчин оролцож байна.

Тэмцээний гол зорилго нь дэлхийд өрсөлдөхүйц тамирчин бэлтгэх, зөв зохистой загасчлалыг түгээн дэлгэрүүлэхэд оршдог аж.

Гуравдугаар сарын 12,13-ны өдөр үргэлжлэх “Дархан цом” мөсний загасчлалын тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Rapala mongolia” дэлгүүр ажиллаж байгаа бол “Big fish аялал, загасчлах хэрэгслийн дэлгүүр, “Топ электроникс” Дархан сумын ЗДТГ, Дархан зочид буудал “Sufix” “Замд гаръя” дэлгүүр зэрэг олон ААНБ-ууд ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа ажээ.

Нээлтэд аймгийн БОАЖГ-ын Г.Батбаяр оролцож баг, тамирчдад амжилт хүсэхийн зэрэгцээ өвлийн спорт, аялал жуулчлалын чиглэлээр аймаг орон нутгийн зүгээс ямар бодлого баримталдаг, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл өгсөн. Тэмцээний аюулгүй байдлын үүднээс аймгийн Цагдаагийн газар, ОБГ-ын алба хаагчид хяналт тавин ажиллаж байна.

Нэг тэмцээн хоёр үе шаттай бөгөөд нэг үе нь гурван цаг дундаа засварлагагүй үргэлжлэх аж. Эхний өдрийн тэмцээн аялал, жуулчлалыг сурталчлах арга хэмжээ учраас хоёр төрлийн хөгжөөнт тэмцээн, сургалт, дадлагыг зохион байгуулна гэж Дарханы спорт загасчлалын холбооны тэргүүн Л.Чинзориг онцоллоо. 

Related news