ДАРХАН-УУЛ: Гавьяат цол хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл илэрхийллээ

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-05-05 18:26:18

Дархан, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар зарлигаар Монгол Улсын гавьяат цол хүртсэн эрхмүүдийг аймгийн засаг дарга Б.Азжаргал хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.


Тухайлбал боловсрол, соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Залуучууд театрын ерөнхий найруулагч М.Цогтыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, аймгийн боловсролын газрын даргаар олон жил ажилласан Р.Батжаргалыг Соёлын гавьяат зүтгэлтэн, сургуулийн өмнөх боловсролын салбараас анх удаа төрөн гарч буй гавьяат багш цол тэмдгээр Л.Сувданчимэг нарыг аймгийн засаг дарга хүлээн авч уулзлаа.



Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Дархан-Уул аймгийн Хүндэт иргэн Ренчиний Батжаргал нь 2009-2020 он хүртэл Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажилласан энэ хугацаанд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас гаргадаг аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газрын ажлын үр дүнгийн үзүүлэлтээр 2009-2012 онд улсад  дөрвөн жил дараалан тэргүүлж, 2013-2018 онд II-V байрт шалгарч системийн хэмжээнд тогтвортой амжилт үзүүлжээ.




Мөн түүний “Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багш” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны “Шилдэг 9 хөтөлбөр”-ийн нэгээр шалгарч байжээ.


Хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнө жил бүр мянган багшийн зөвлөгөөнийг зохион байгуулж хэвшсэн нь одоо ч хэрэгжиж, залуу боловсон хүчнээ угтан авах, ахмад, дунд үеийн боловсролын салбарын шилдэг багш нарынхаа туршлагыг хуваалцах зэрэг үр бүтээлтэй олон ажил санаачилжээ.


Мөн өөрийн илтгэлүүдээ эмхэтгэн ном гаргаж, боловсролын шинэчлэлийг дангаар бус хамтаар хөгжүүлэхэд салбарынхны оролцоо чухал гэдгийг ямагт хөндөж асуудал дэвшүүлж ирсэн юм.


Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Залуучууд театрын ерөнхий найруулагч М.Цогт нь мэргэжлийн урлагийн байгууллагад 40 жил тасралтгүй ажиллаж байна.




Энэ хугацаанд Монгол Улсын театрын урлагийг орон нутагт хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрыг Монгол Улсын тэргүүлэх театруудын нэг болгохын төлөө бүхий л авьяас чадвар, мэдлэг боловсрол, амьдралаа зориулсан театрын урлагийн нэрт зүтгэлтэн юм.


Монгол Улсын Гавьяат багш Лувсандагвын Сувданчимэг нь улсад 39 жил, боловсролын салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажилласан байгууллага бүрдээ шинийг санаачилж, эвсэг хамт олон, стандартын шаардлага хангасан орчныг бүрдүүлж ажилладаг шилдэг менежерийн нэг юм. Тэрбээр Гавьяат багш цолыг хүртсэн Дархан-Уул аймгийн анхны СӨББ-ын багш юм.




Хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б. Азжаргал болон хэлтэс агентлагийн удирдлагууд, уригдсан зочдын гэр бүл, үр хүүхэд, хамт олны төлөөлөл хүрэлцэн ирж халуун дотно яриа өрнүүллээ.