ОНХС-гийн хөрөнгөөр соёлын төвийг засварлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Орхон сумын соёлын төвийн ашигтай талбайн нийт хэмжээ 1672 мкв аж. Үүнээс өнөөдрийн байдлаар 1072 мкв талбайг урлагийн болон спорт заал, орон нутаг судлах танхим зэрэгт ашиглаж байна. Хоёр давхар дахь 14 өрөө бүхий 600 мкв талбайг ашиглах боломжгүй олон жил болжээ. Тиймээс соёлын төвийн хоёр давхрыг иж бүрэн засварлаж бүрэн хүчин чадлаар нь ашиглахаар сумын удирдлагууд ОНХС-гийн хоёр зуун сая төгрөгөөр шинэчлэхээр тендер зарлагдсан аж.
Сумын соёлын төв
1991 онд ашиглалтад орсон бөгөөд 1994 оноос өнөөдрийг хүртэл хоёр давхар дахь
өрөө танхимыг ашиглаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй ажээ. Тиймээс иргэдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй
өнгөрүүлэх, хүүхэд багачуудыг хөгжүүлэн дугуйлан хичээллүүлэх нөхцөлийг
бүрдүүлэх үүднээс засварын төсвийг шийджээ. 14 өрөө, танхим бүхий талбай
ашиглалтад орсноор боловсон хүчний асуудал хөндөгдөнө гэдгийг соёлын төвийн
эрхлэгч Ж.Энхболд онцолж байлаа. Учир нь сумдын соёлын төв нь таван хүний орон
тоотой үйл ажиллагаагаа явуулдаг, нэг ажилтан 2-3 ажил давхар хийдэг ажээ.
Тиймээс соёлыг түгээх, дэлгэрүүлэхэд хөдөө орон нутагт боловсон хүчин дутмаг
байдаг нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй аж. Энэ асуудлыг ч сум, орон
нутгийн удирдлагууд анхааралдаа авч ажиллаж буй талаар ч онцолж байлаа. Өнгөрсөн
жилүүдэд Соёлын төвийн дээвэр, орон нутаг судлах танхим,
спорт, урлагийн зааланд урсгал засвар хийжээ.



