Болгар улс дахь олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд анх удаа оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-01 10:19:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болгар Улсын Аялал жуулчлалын яамны ивээл дор 38 дахь удаагийн “Holiday&Spa International Fair” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Хэвийн амьдрал руу эргэж очье!” уриан дор хоёрдугаар сарын 24-25-нд Софи хотноо зохион байгуулагдлаа.


Нийт 20 улсын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсон уг үзэсгэлэнд Болгар Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам нь ГХЯ, БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран АПУ компанийн дэмжлэгээр анх удаа Монголоо сурталчлах үзүүлэнгийн талбайтай оролцон, давхардсан тоогоор 11 мянга гаруй хүнийг хүлээн авч, Монголын орчин үеийн хөгжил дэвшил, түүх соёл, аялал жуулчлалын боломж, үндэсний урлаг, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан танилцууллаа.


Мөн БОАЖЯ, МУИС-ийн дэргэдэх “Digital solution” гарааны бизнесийн компани, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Швейцарын хөгжлийн агентлаг нарын хамтран хэрэгжүүлсэн “Виртуал Монгол” төслийн хүрээнд боловсруулсан 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхэн үзмэрүүдийг виртуал орчинд үзүүлжээ.


Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Саянаа Болгар Улсын Аялал жуулчлалын сайд Христо Продановтай уулзаж, хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагыг холбох, Болгар иргэдийн Монгол Улс руу, Монгол иргэдийн Болгар улс руу чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэхэд чиглэсэн бодит төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. 


Үзэсгэлэнгийн үеэр Болгарын 2 телевиз, мэдээллийн 2 цахим хуудас, радио, аялал жуулчлалын сэтгүүлийн төлөөлөгчидтэй Монголын тухай нэвтрүүлэг, нийтлэл бэлтгэхээр тохирч, 30 гаруй компани Монголын аялал жуулчлалын компанитай холбож өгөх хүсэлт тавьсаныг Софи дахь ЭСЯ-наас Аялал жуулчлалын хөгжлийн төвд уламжилжээ. 

Related news