Францын бизнес эрхлэгчдэд Оюу Толгой төслийн гүний олборлолтын хүрээнд бий болох шинэ боломжуудыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-01-26 11:18:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Францын ажил олгогч эздийн холбоо буюу аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөнөөс "Монгол, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистантай бизнесийн харилцаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллах боломж" цахим уулзалтыг энэ сарын 25-нд зохион байгууллаа.


Уулзалтад Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү оролцож, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр, Орос, Хятад гэсэн хоёр том зах зээлийн дунд оршдог монгол оронд Францын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгааг онцоллоо. Ялангуяа, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулан экспортод чиглэсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Түүнчлэн "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын зорилго, ач холбогдол, Оюу Толгой төслийн гүний олборлолтын хүрээнд бий болох шинэ боломжийн талаар танилцуулав.


Элчин сайдын танилцуулгын дараа Францын бизнес эрхлэгч, Аж ахуйн нэгжүүдийн холбооны Монгол, Францын бизнес зөвлөлийн тэргүүн асан ноён Кристоф Фонтайн Монгол Улсын хоёр том хөршийн дунд оршдог газар зүйн байршил сайтай, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал, ардчилсан тогтолцоотойг онцлов. Мөн Оюу толгой төсөлд Францын CIS групп амжилттай ажиллаж байгаа, жишээ нь Францын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд бүрэн боломж байгааг харуулж байна гэлээ.

Related news