Дагуул хотыг хөгжүүлж төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх тухай хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын техник туслалцааны хүрээнд "Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын Бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих нь" төслийг өнгөрсөн оны есдүгээр сараас хэрэгжүүлж байна.
Төслийн зөвлөлдөх
уулзалт өнөөдөр болж “Улаанбаатар
хотыг олон төвт хот болгон хөгжүүлэх стратегид дэмжлэг үзүүлэх нь”, “Дагуул хот хөгжүүлэн, төрийн байгууллагуудыг нүүлгэн
шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах нь”, “Хүннү хотын газар хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт татах эрх зүйн
орчин, тулгамдаж буй асуудал”, “Эдийн
засгийн чөлөөт бүсийн хөгжил”, “Тээвэр
логистикийн бүсийн хөгжил”, “Солонгос
дахь хот байгуулалтын хөгжил” илтгэлийг хэлэлцүүллээ.
Энэ үеэр Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч
бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “БНСУ 1960-аад оноос Сөүл хотын төвлөрлийг
сааруулахаар төрийн захиргааны байгууллагуудаа үе шаттай шилжүүлсэн. Шинээр Сэжон хотыг байгуулсан. Хүний ажиллаж амьдрах шинэ
газрыг системтэй бий болгохдоо урт хугацааны төлөвлөлтийг хэрхэн хийсэн ололт, туршлагаа хуваалцаж байна. Хүннү нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл
хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу байгуулах эдийн засгийн бүс, дагуул хотуудын нэг
нь. Хүннү хот руу төрийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлэхдээ хэрхэн бэлтгэх, ямар үе шаттай
шилжүүлэх, үүнийг дагасан бизнесийн орчныг бий болгохтой холбоотой тээвэр логистикийн төвүүд, нисэх буудлыг түшиглэсэн аялал жуулчлал,
эдийн засгийн чөлөөт бүсийг хэрхэн байгуулах тухай ярилцаж байна” гэлээ.
Хан-А хотын судалгааны хүрээлэнгийн захирал Тэ Кёнжин “Хүннү, Хархорум хотыг хөгжүүлэх
төслийн хүрээнд төлөвлөгөө боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна. Шинэ хот байгуулах ажил
Монголын ирээдүйд ач
холбогдолтой. Улаанбаатар хотод олон
асуудал дагуулж буй төвлөрлийг шийдэх нь нэн тэргүүний ажил. Солонгос
улсад тохиолдож байсан төвлөрлийг хэрхэн
шийдэж ирснээ танилцууллаа.
Эхний ээлжид тохиромжтой газар сонгоод тархаан байршуулж, төвлөрлийг багасгах төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Дараа нь тэдгээрийг холбосон
дэд бүтцийг барих ёстой. Өөрийн
онцлог бүхий суурьшлын бүс бий болгох нь хүнд хэрэгтэй бүх л
зүйл байх шаардлагатай гэсэн
үг. Бүсүүд нь өөрийн гэсэн
онцлогтой хөгжих хэрэгтэй” хэмээв.
Энэ төсөл 2027 он хүртэл үргэлжлэх юм.