Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын багаж хэрэгслийг хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-19 16:49:32

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийн багаж хэрэгслийг хураан авчээ.

Тус бүс нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэх  мэдээллийн дагуу уг сумын байгаль хамгаалагч очсон боловч хүч хүрээгүй тул аймгийн БОАЖГ-ынхан цагдаагийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг нь таслан зогсоосон байна.

"Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийн багаж хэрэгслийг хураан авсан. Мөн иргэдийн мэдээллийн дагуу ашигт малтмал хайж байгаад хөдөөний айлуудад түр амарч байсан иргэдийг саатуулсан байгаа. Аймгийн төвийн болон Гурвантэс, Номгон сумын иргэд голдуу байлаа" гэж аймгийн БОАЖГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Оргилмаа ярилаа.

Тухайн газарт хайгуул хийж байсан мэдээллийг ашиглаж цооног ухсан гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа ажээ. Мөн дахин иргэд хууль бус үйлдэл хийхээс сэргийлж тухайн бүс нутгийн нэрийг дурдахгүй байхыг аймгийн БОАЖГ-аас хүссэн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news