Монгол-Солонгосын Бизнесийн салбарыг шинэ түвшинд гаргахаар чуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн манай улсад хийж байгаа айлчлалын хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотноо “Шангри-Ла” зочид буудалд Монгол-Солонгосын бизнес форум боллоо.
БНСУ нь манай улсын гадаад худалдааны 4 дэх том түнш бөгөөд хоёр орны худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж, гадаад хөрөнгө оруулалтаараа 7 дугаарт жагсдаг. 1990-ээд оноос хойш тус улсын бизнесмэнүүд манай улсад нийтийн хоол, зочид буудал, эрүүл мэнд болон IT-гийн чиглэлийн бизнес эрхэлж ирсэн. Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн энэ удаагийн айлчлалын хүрээнд эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч гэх мэт томоохон төслүүдийн эхлэлийг тавиад байгаа энэ үед тус форум боллоо.
Нөгөөтэйгүүр МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан уг форумд Солонгосын талаас томоохон компаниудын 190 орчим төлөөлөл, манай талаас 200 бизнес эрхлэгч, албаны хүмүүс оролцлоо. Энэхүү форум нь өмнө болж байсан уулзалтуудаас цар хүрээний хувьд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, ач холбогдлын хувьд өндөр арга хэмжээ болж буйг хоёр тал онцолж байна.
Хатагтай Пак Гын Хэ энэ үеэр хэлсэн үгэндээ БНСУ нь дэвшилтэт технологи бүхий хүчирхэг үйлдвэрлэгч орон бол Монгол Улс байгалийн баялгаар дэлхийд дээгүүрт ордог. Иймд хоёр орон бие биенээ нөхөх таатай боломж байгааг онцлоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн нөөц бололцоо байгааг тэмдэглэсэн юм. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавын хувьд энэ удаагийн форум нь хоёр талын бизнесийн салбарыг ахисан түвшинд авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монголын бизнесмэнүүд олон улсын стандартад хүрч ажиллах шаардлага тулгарч байгааг тодотгов.
Ийнхүү хатагтай Пак Гын Хэ Монгол-Солонгосын Бизнес форумд өөрийн биеэр оролцож хоёр орны бизнес, эдийн засгийн харилцаанд өндөр ач холбогдол өгсөн юм. Энэ үеэр хоёр талын төлөөлөгчид 7 илтгэл тавьж хоёр улсын ААН, байгууллагууд харилцан ойлголцох, хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.
Б.Туул