Хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүсийн сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-18 16:24:45

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл аймгийн хэмжээний хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг дөрвөн бүсэд зохион байгуулах бөгөөд өнөөдөр Орхон, Хутаг-Өндөр суманд хийж, найман сумын төлөөлөл оролцож байна. Аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

- Дэлхий нийтийг хамарсан цар тахал болон онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг сум орон нутагт эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын багийн ажлын арга барилыг сайжруулах шаардлагатай байна. Хөл хорио тогтоосон хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг зөрчил гарлаа. Хишиг-Өндөр, Орхон суманд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь хохирч, бага насны хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болсон байна. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 15 хүртэлх насны 35 хүүхэд осол гэмтэлд өртөж, 22 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Иймээс сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг мэргэшүүлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох ажлыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байна гэж Орхон суманд болсон бүсийн зөвлөгөөн дээр онцоллоо. Бүсийн сургалтад аймгийн хэмжээний 16 сум, нэг тосгоны хүүхэд хамгааллын 23 багийн гишүүд оролцох юм. Маргааш Сэлэнгэ, Баяннуур суманд бүсийн сургалт үргэлжилнэ.

Related news