БУЛГАН: Хурдан морь уралдуулах журмыг 316 жилийн өмнө баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-24 13:28:47

Булган, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хурдан морь уралдуулах журмыг 316 жилийн өмнө гурван хошууны “Халх журамд” нэгэн бүлэг заалт болгон оруулж байсан бол 126 жилийн өмнөөс 6 насны ангилалд уралдуулж ирсэн байна. Харин өнөөдөр 6 нас болон угшилтай адууны дээд 3 нас, хос морь, жороо морь зэрэг төрөл олшрон уралдаж байна.

 

Монгол адуу нь хамгийн эрс тэс цаг уурт олон мянган жилээр хувьсан амьдарсаар ирсэн тул маш тэсвэр хатуужилтай, бусад төрлийн морьдоос өвс тэжээл голдоггүй, өл даадаг гээд олон давуу чанаруудтай байдаг ажээ.


Монголд нутаг нутагт бага зэрэг ялгаатай дүрмээр морьдыг уралдуулж ирсэн боловч 1899 оноос эхлэн даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга хэмээн ялган уралдуулах болжээ. XII жарны шороон үхэр жил 1709 он зуны дунд сарын 28-ны өдөр, Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүтэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны "Халх журам" гэж алдаршсан цаазыг гаргажээ. Энэ цаазад хурдан морь уралдуулах 17 заалтыг "нэгэн зүйл" хэмээн бүлэглэжээ.


Үүнд: Морь уралдахад засуулаас гадна 4 сайдаар гэрч тавьдаг байжээ.


Тэмдэгт газарт хүрэлгүй зуураас уралдахул засуул ноёноос морь, таж тавнангаас үхэр, энгийн засуулаас хонь авна, уралдагч хүү урдаар давхих бол уралдагч морийг авч унасан хүүг 10 ташуурдах, түрүүлж ирсэн морь удаах мориноосоо бүхий л биеэ өнгөрөхүл гарсанд тооцох, харин уралдагч морины зарим бие үлдсэнийг гарсанд тооцохгүй, хоёр морь чацуу ирэхүл адгийн тэмдэг хүртэл нь аль гарвал түүнийг тооцох, тун эс гарахул дахиж уралдуулах, байд орох морь ойчоод хүү явган гүйж орохул тооцдог байжээ.


Мөн ах настай морийг доош оруулж уралдахгүй. Дүү насыг дээш ах насанд оруулж уралдахад гэмгүй гэдэг ажээ.


Турүүлсэн их нас, соёолон морийг ноёд хэрэглэж авах бол нэг тэмээ, найман адуу хайрлаж авна. Түрүүлсэн хязааланд нэг тэмээ, зургаан адуу, тэргүүлсэн шүдлэнд нэг тэмээ, дөрвөн адуу, тэргүүлсэн дааганд нэг тэмээ, хоёр адуу өгч авч бай гэсэн заалтууд орж байжээ. 


Булган аймаг 1938 онд байгуулагдсанаас хойш 1954 онд баяр наадам зохион байгуулаагүй бөгөөд нийт 87 удаагийн баяр наадмаар хурдан морины уралдааныг 6 насны ангилалтай уралдуулж, сүүлийн жилүүдэд их, бага наадмууд, ойн баяр, өдөрлөг, өвөл, хаврын уралдаан зэрэг морины сунгаан ихээр олширчээ. 








Related news