Ялгадсаараа "амьсгалдаг" их хотынхон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2021-10-28 14:50:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хүний  эрүүл мэндэд шууд нөлөөлдөг хөрсний бохирдол гэж юу вэ? хөрсний бохирдолд хүн бүр яагаад анхаарлаа хандуулах ёстой вэ? гэдэг энгийн юм шиг хирнээ чухал ач холбогдолтой асуултанд хариулах гэж оролдоё.

 

         Хөрс бохирдуулагч  нүхэн жорлон нэмэгдсээр ...

 

Аймгийн төв болон нийслэлийг чиглэх шилжилт хөдөлгөөн тасралтгүй үргэлжилсээр байна.  Үүний  үр дүнд төв суурин газруудын  дэд бүтцийн хүртээмж муу, төвлөрсөн цахилгаан дулаан хангамжид холбогдоогүй, стандартын бус нүхэн жорлон, ахуйн зуух бүхий айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 

Хамгийн сүүлийн статистик сөхвөл 2020 онд  хийгдсэн судалгааны дүнгээр Монгол Улсад шаардлага хангасан 333.560 ариун цэврийн байгууламж, шаардлага хангаагүй 442.344 жорлон байна гэсэн тоо гарсан.  Энэ дүнгээс харахад манай улсын нийт хүн амын 63 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байна гэсэн үг. Гэр хороололд суурьшиж байгаа  айл өрхийн нүхэн жорлон бүр нь хөрсний нянгийн бохирдол үүсэх гол шалтгаан болдог юм. Энэ хирээр  гүний болон гадаргын ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Улаанбаатар хотын хувьд гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь стандартад нийцэхгүй байна.Cаяхан нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон тоологдлоо.  

 

Энэ зураг дээр зөвхөн нэг дүүргийн модон жорлонгын байршилыг ногоон өнгөөр тэмдэглэсэн байна.Судалгааны ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас захиалж Шинжлэх Ухааны Академийн Газар Зүй гео -экологийн хүрээлэн гүйцэтгэсэн .

Улаанбаатар хотын хөрсний 4.1 хувь нь сул, 25.7 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон, мөн хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 48-76 хувиар их байгаа судалгаа гарчээ.  Хөрсний нянгийн бохирдолт 88 хувь, органик бохирдол 52.6 хувь, шивтэрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь болсон байна. Энэ их бохирдол агаарт дэгдэж бид түүгээр амьсгалсаар байгаа нь үнэн.


Нүхэн жорлон 10-12 метрийн радиуст бохирдлоо “цацдаг “

 

ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын  эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, ил задгай хаясан хатуу болон шингэн хог хаягдал нь өнгөн хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр болдог байна.

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг экогеохимийн судалгаагаар 360 цэгээс хөрсний сорьц авч шинжлэхэд 88.0 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрчээ. Мөн нүхэн жорлонгийн ойр тойронд 10-12м-ийн радиуст энэ бохирдол хамгийн элбэг тархаж, хүний хөл, салхиар зөөвөрлөгдөж орчинд тархдаг бөгөөд бохирдол нь хөрсний гүнд 6-10 метр нэвчсэн болохыг нүхэн жорлонгийн орчимд хийсэн өрөмдлөгийн дээжээс илрүүлсэн байна.

Улаанбаатар хот газрын гадаргын хувьд уулархаг бөгөөд гэр хороолол нь газрын өндөрлөг хэсэгт байрладгаас энэхүү бохирдол үерийн усаар зөөвөрлөгдөх, голын сав дагууд гүний усанд нэвчиж ундны усыг бохирдуулах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ.


Хөрсний бохирдлыг”алсын хараатай”  бууруулна

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн Газрын 2019 оны 318-р тогтоолын хавсралтаар баталсан “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, үндэсний хөтөлбөр”, 98-р тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хөрсний бохирдлыг бууруулах, хөрсний элэгдэл, үржил шимийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээг тусгагдсан. 

Энэ хүрээнд БОАЖЯ, ОББҮХ үе шаттай ажлуудыг төлөвлөн хийж байна. Тухайлбал агааар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн зарим зүйл заалтыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 21/04 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зааснаар хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

- Хөрсний бохирдлыг нэг доор ойрын хугацаанд шууд бууруулах боломжгүй тул үе шаттайгаар арга хэмжээ авч ажиллаж байна.

Тухайлбал, хамгийн их бохирдсон, хохирол учруулж болзошгүй 11 хувийн нянгийн бохирдлыг бууруулахаар Туул, Улиастай голын сав газрын эргээс 50-200 метрт орших гэр хорооллын айл өрхөд 2020-2021 онд нийт 5150 ширхгийг суурилуулахаас 3300 ширхгийг суурилуулсан.




Тухайн айлын хуучин нүхэн жорлон болон угаадасны нүхийг ариутган халдваргүйжүүлэх био ариутгагч хэрэглэж, хөрсний өнгөн хэсгийг шинэчлэн мод тарьж зүлэгжүүлэн хөрсийг нөхөн сэргээж байна.

- Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж байгуулах ажлын хүрээнд Архангай аймгийн Гууртын гүүрний орчимд нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

- Хустайн байгалийн цогцолборт газар болон орчны бүс нутгийн хог хаягдлыг бууруулах, иргэдийн хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

- Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд  тусгагдсаны дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ногоон бүс, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлэн аж ахуй нэгж, иргэдийг мод тарих ажилд уриалан дэмжин ажиллаж байна.

- Аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Хөвсгөл аймгийн Мөрөн, Завхан аймгийн Алдархаан, Дорнод аймгийн Баянтүмэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Дорноговь аймгийн Сайншанд сумдад байгуулах ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дээрх ажлын үр дүнд хөрсний бохирдол үе шаттай буурна гэсэн өөдрөг хүлээлттэй байгаа. Гэхдээ хамгийн гол энэ бүх ажлын хажуугаар нүхэн жорлонгоо өөрчлөхийн тулд айл өрх бүр өөрийн хэмжээнд санаачилга гаргах нь чухал. Заавал төр засгийн шийдвэр туслалцаа хүлээхгүй эхний ээлжинд нүхэн жорлонгоо доторлож, дараа нь байгальд ээлтэй байдлаар жорлонгоо өөрчлөх боломж нээлттэй байгаа.  Тиймээс  хөрсөнд шингэж замхарсан гэж бодож байгаа ялгадсаараа амьсгалах уу? жорлонгоо өөрчлөх үү? гэдэг сонголтыг танд үлдээе.  










Related news