Алслагдсан багт цэцэрлэг барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-07-01 17:22:20

   Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт шинэ цэцэрлэг барьж эхэллээ.

   Улсын төсвийн 680 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаангомд 75 хүүхдийн ортой цэцэрлэг барих сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын эхээр Боловсролын яам зарлажээ.

Энэхүү сонгон шалгаруулалтад Улаанбаатар хотын “Аз өрнөх” компани шалгарч, ажлаа эхлээд байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн харъяа Улсын нөөцийн салбарын урд талд уг цэцэрлэгийг барихаар болж, газрын асуудлыг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн захирамж гарган шийдвэрлэжээ.

Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор Улаангом сумын алслагдсан 9, 12 дугаар багийн ард иргэд хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдэнэ.

Тус багийн ард иргэд хүүхдээ цэцэрлэгт хүргэхийн тулд 2-3 км газар зөөх, эсвэл гэртээ харах асуудал тулгардаг байсан юм. Тэгвэл 2016 ондоо багтаж шинэ цэцэрлэг барьснаар энэ асуудал шийдэгдэх нь.

Ер нь бол Улаангом сумын хэмжээнд цэцэрлэг дутагдалтай бөгөөд ойролцоогоор 2500 гаруй хүүхэд жил бүр сургуулийн өмнөх боловсролд хамарч чадахгүйд хүрдэг гэсэн судалгаа бий.

Увс аймаг Б.Батхүү

Related news