Улаанбаатар-Эрээний чиглэлд хоногт 2 галт тэрэг явж бараа татаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-11 16:27:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН ачаа тээвэрлэлтийн 3600 орчим вагоны парктай байна. Тиймээс тодорхой хугацаанд зохион байгуулалт хийвэл хи, гааль дээр саатаж гацаад буй импортын чингэлгүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэх бүрэн боломжтойг мэдээлж байна.

УБТЗ 645 вагоноор экспорт, импортын чингэлэг тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Одоогоор ажлын паркад 48 зүтгүүр ажиллаж байгаа талаар УБТЗ ХНН-ийн Тээвэр, зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Хоногт Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангид Монгол Улс руу орж ирж буй импортын ачаатай 100-150 чингэлгийг 2-3 галт тэргээр ачиж тээвэрлэх бүрэн боломжтой. Энэ нь импортын чингэлгийг тээвэрлэх техникийн болон ажиллах хүчний нөөц, хүчин чадал бүрэн бий гэсэн үг аж. Өдгөө хоногтоо Замын-Үүд Улаанбаатар чиглэлд импортын чингэлэг ачсан хоёр орны хоёр галт тэрэг явж байна. Мөн Улаанбаатар-Эрээний чиглэлд 2 галт тэрэг явж байгаа аж. 


Саатсан ачаа барааг Замын-Үүдээс Улаанбаатар болон бусад өртөө рүү тээвэрлэх хангалттай тооны галт тэрэг байгааг  УБТЗ ХНН-ээс мэдээлж байна.






УБТЗ ХНН-т БНХАУ-ын хилээс Эрээн өртөөгөөр дамжин Замын-Үүдэд орж ирсэн импортын чингэлгийг Хятадын вагоноос шилжүүлж ачин Улаанбаатар болон Толгойт, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар өртөө рүү тээвэрлэх хөдлөх бүрэлдэхүүний болон зүтгүүрийн хүрэлцээ хангалттай байгааг мэдээллээ.

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд 40 тонны чингэлэг тээвэрлэхэд доторх ачаа бараанаас нь шалтгаалаад 1.4-өөс 2.5 сая төгрөгийн үнэ тарифтай байдаг. Энэ тарифт өөрчлөлт ороогүй, өөрөөр хэлбэл нэг ч төгрөгөөр нэмэгдээгүйг мөн мэдээллээ. 


Related news