Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв Хэнтий аймагт үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-28 16:36:18

Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилт. Энэ зорилтын хүрээнд төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох “11 11” төвийг байгуулсан.

Төрийн үйлчилгээг цахимаар хүргэх 108 ТҮЦ машиныг суурилуулсан. Эдгээр ажлын үргэлжлэл болж “Нийслэлийн үйлчилгээний төв”-ийг энэ оны нэгдүгээр сард Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бөгөөд ийм төв өнөөдөр “Мишээл экспо”, “Драгон”-д ажиллаж буй юм. 
21 аймагт Нэгдсэн үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Хэнтий аймгийн Чингис хотын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлт энэ сарын 27-нд боллоо.
Тус арга хэмжээнд оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд,
Төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээг шуурхай шийдвэрлэх хугацааг богиносгох, иргэдэд учруулж буй хүнд суртал чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн” төвийг Улаанбаатарт гурван цэгт байгуулсан, Чингис хотод Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлт өнөөдөр болж буйд баяртай байна" гэв.
Одоогийн байдлаар Сэлэнгэ, Хэнтий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймагт  төрийн үйлчилгээний төв нээх ажил эхлээд байгаа бөгөөд бусад аймагт хэрэгжилтийн шатандаа явж байгааг тэрбээр онцлов.
Чингис хот дахь энэ төв өнгөрөгч 4 дүгээр сарын 1-нээс туршилтаар ажилласан бөгөөд энэ өдөр албан ёсны нээлтээ хийлээ. Тус аймгийн “Эвт” худалдааны төвд байрлаж буй Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд Аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэл, статистикийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Байгаль орчин, аялал жуучлалын газар, Архивын тасаг, Шуудан үйлчилгээний газар, Нотариат, Төрийн банк зэрэг 13 байгууллага 181 төрлийн үйлчилгээг өдөрт 250-300 иргэнд үзүүлж байна Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Related news