Зориулалтын автомеханик шат бүхий автомашиныг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-23 10:23:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат 1,1 тэрбум төгрөгийн өртөгтэй, зориулалтын автомеханик шат бүхий автомашиныг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид хүлээлгэн өглөө.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар 2020 онд 157 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 9 хүний амийг аварч, иргэн, ААНБ-ын 750 сая гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Беларусь улсын МАЗ компанид үйлдвэрлэсэн энэхүү автомашин нь 200 кг-ын даацын тавцантай, 32 метр урт сунадаг шаттай ажээ. Түүнчлэн гамшиг, ослыг хохирол багатай даван туулах, тэмцэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Төхөөрөмж худалдан авах төсвийг Засгийн газар хоорондын гэрээний дагуу улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ.

Мөн үеэр аймгийн ОБГ-ын дарга С.Пүрэвсамдан Дархан сумын 15 дугаар багт байрлах Гал түймэр унтраах, аврах 22-р анги руу хатуу хучилттай автозам  барих  (410 метр) 410 сая төгрөгийн тооцоог танилцуулж, шийдвэрлүүлэх хүсэлтээ аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбатад уламжиллаа.

Related news