Д.Бат-Эрдэнэ: Улсын хэмжээнд сонгогчдын ирц 50 хувьд хүрсэн тохиолдолд санал хураалт хүчин төгөлдөр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ны 19.00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд сонгуулийн 2087 хэсгийн хорооноос 14 хэсэг нь мэдээллээ дутуу өгөөд байна. 20.00 цагаас дутуу мэдээлэл орж эхэлнэ гэдгийг СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээллээ.
Энэ талаар СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс тодруулбал, тэрээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь Монгол Улс бүхлээрээ нэг тойрог болдог онцлогтой. Тийм учраас сонгуулийн ирцийн тухайд улсын хэмжээнд санал өгсөн байдал 50 хувьд хүрэх юм бол аль нэг аймаг болон сонгуулийн аль нэг хэсэгт ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл шалтгаалан сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болно" гэдгийг мэдэгдлээ.
Тэрээр нийслэлийн сонгуулийн бүх хэсэг, Орхон, Дархан-Уул аймгийн бүх хэсэг сонгуулийн ирцийн буюу санал хураалтын мэдээллийг цаг тутам илгээж буйг мэдээллээ. Бусад сумын хэсгийн хороо 4 цаг тутамд нэг удаа дүнгээ дамжуулж буй аж. 19.00 цагийн байдлаар бүх хэсгийн хороо дүнгээ нэгтгэн дамжуулжээ. Мэдээлэл ирэхгүй байгаагийн шалтгаан нь дэд бүтэцтэй холбоотойг тэрээр тайлбарлав. Тодруулбал, зарим газар сүлжээгүй учир дүн мэдээгээ явж танилцуулж байна гэв.