О.Хаш-Эрдэнэ: Зөөврийн хайрцгаар 26 хүний саналыг авч дуусаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн битүүмжилсэн, явуулын хайрцгаар өнөөдөр санал авч байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн 25 дугаар тойргийн 15 дугаар хорооны 2 дугаар хэсгийн хороонд өнөөдөр 15.30 цагийн байдлаар зөөврийн хайрцгаар 26 иргэнээс санал аваад байв. Энэ талаар дээрх хэсгийн хорооны дарга О.Хаш-Эрдэнээс тодруулав.
-Танай хэсгийн хороонд нийт хэчнээн сонгогч бүртгэлтэй байна?
-Манай хэсэгт нийт 2536 сонгогч бүртгэлтэй байгаагаас өнөөдөр зөөврийн санал асуулгаар 26 хүнээс санал авч дуусаад байна. Үүнээс гэрийн тусгаарлалтад 14, асаргаанд 9, эмнэлэгт хоёр, улаан бүсэд үүрэг хүлээж үүрэг хүлээж буй нэг албан хаагчаас санал авснаар өнөөдрийн санал хураалт дууслаа.
-Маргааш нийт сонгогчоос санал авахад хэсгийн хороо хэр бэлтгэж хангав?
-Хэсгийн хороонд "COVID-19"-ийн халдварын эсрэг, цар тахлаас сэргийлэх халдвар хамгаалал, ариутгалыг бүрэн хийгээд байна. Сонгогчдоос санал авахад бэлэн. Хэсгийн хорооны байр, үйл ажиллагаа бэлэн болсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгасан. Мөн санал авах, тоолох тоног төхөөрөмж бүрэн ажиллаж байна гэв.
Сонгогч иргэд маргааш орон даяар эхлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оршин суугаа харьяа газрын сонгуулийн хэсгийн хороонд очиж санал өгнө. Ингэхдээ санал өгөх байраа мэдэхээр бол www.burtgel.gov.mn сайтаас харж болно.
Сайтын сонгох цэснээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт гэсэн цэсийг сонгоно. Ингээд өөрийн регистрийн дугаар болон оршин суугаа газрынхаа хаягийг оруулан зурган кодыг бөглөснөөр санал өгөх байраа харах боломжтой. Мөн уг жагсаалтаас овог нэр, нас хүйс, оршин суугаа хаяг болон хэсгийн дугаарыг харна. Түүнчлэн "Байнга оршин суугаа газрын хаягт бүртгэгдсэн сонгогчийн мэдээлэл" хэсгээс хамт амьдардаг сонгуулийн насны иргэдийн мэдээллийг харах боломжтой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш 07.00-22.00 цагийн хооронд явагдана.
Д.Урансолонго
Гэрэл зургийг Т.Чимгээ