Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлж буй бүтцийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-26 18:42:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний хөгжлийн газар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүн сэтгүүлчидтэй өнөөдөр "Үндэсний хөгжил ба сэтгүүлчид" уулзалтыг "Холидэй Инн" зочид буудалд хийлээ. Уулзалтаар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал манай улсад Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бүтэц, мөн эрхзүйн байдлыг танилцуулав.  

Тодруулбал, УИХ-ын бүтцэд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо ажиллаж Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгыг хууль тогтоомж, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлж байна. Харин Засгийн газрын дэргэд Тогтвортой хөгжлийн Үндэсний хороо ажиллаж Тогтвортой хөгжлийн талаарх Засгийн газрын стратегийг тодорхойлж, төрийн захиргааны байгууллага, орон нутгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж байна. Мөн дотоод, гадаадын байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг дэмжин зохион байгуулж буй талаар тэрээр тодотголоо. 


Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа манай улсад дээрх бүтцээр ажиллаж, Үндэсний хөгжлийн газар бодлогын түвшинд хариуцан, салбар хоорондын уялдааг зохицуулж буйг тэрээр мэдээлэв. Харин ҮСХ үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлалаар тоон мэдээг гаргаж байна. Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг танилцуулахдаа манай улсын хөгжлийн бодлогыг:

  • Урт хугацааны "Алсын хараа-2050" хөгжлийн бодлого, 
  • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, 
  • Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус тусган хэрэгжүүлж буйг тодотголоо. 

Хамгийн сүүлд Засгийн газраас COVID-19"-ийн халдварын цар тахлын эсрэг, урьдчилан сэргийлэх "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г гаргаж хэрэгжүүлж буйг онцоллоо. 


Гэрэл зургийг Н.Батбаяр


Related news