Барааг ангилахад тулгарч буй бэрхшээлийг хамтарч шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-12 12:37:23

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. БНСУ-аас импортолж буй мэдээлэл, технологийн барааг Монголын гааль нэгдмэл байдлаар ангилахад тулгарч буй хүндрэлүүдийг тус улстай хамтран шийднэ.


ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван БНСУ-ын Эдийн засаг, сангийн яамны Гааль, тарифын газрын дарга ноён Чой Жэ Янг (Jae Young CHOI), тус газрын Аж үйлдвэрийн хэлтсийн мэргэжилтэн хатагтай Ким Сери, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засгийн зөвлөх, хатагтай Юүн Жи Хён (Jihyeon YOON) болон хувийн хэвшлийн төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзав.

Энэ үеэр, БНСУ-д үйлдвэрлэж буй мэдээлэл, харилцаа холбооны технологийн барааны тарифын ялгаа, нарийн нийлмэл бүтэцтэй бүтээгдэхүүний “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай”, олон улсын конвенцын ерөнхий тайлбар дүрмийн дагуу үнэн зөв, нэгдмэл байдлаар ангилахад тулгарч буй хүндрэлийн тухай санал солилцлоо. Монголын гаалийн төлөөлөл барааг үнэн зөв тодорхойлж, нэг мөр, нэгдсэн байдлаар ангилан, конвенцыг хэрэгжүүлэх нь гадаад худалдааг хөнгөвчлөх гол зорилт гэдгийг онцлов. Мөн их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан ангиллын аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцжээ.



Уулзалтын төгсгөлд ноён Чой Жэ Янг хоёр орны гаалийн байгууллагын найрсаг харилцаа, идэвхтэй хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжихөд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн аж

Related news