Гурван хувийн зээл авах хүсэлтийг 25 мянган иргэн гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-15 15:39:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас зарласан эдийн засгийг сэргээн идэвхжүүлэх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай бизнесийн зээлийг иргэн, ААН, ЖДҮ эрхлэгч нарт өнгөрсөн 7 хоногоос олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх хөнгөлөлттэй зээлийг авахаар 3300 ААН, 25 мянган иргэн хүсэлтээ гаргажээ. 

Уг зээлийг авах ААН-д төр, засгаас НӨАТ төлөгч байх ганцхан шаардлага тавьж байгаа юм. Харин иргэдэд төрөөс тусгайлсан ямар ч шаардлага тавихгүй. Зээлд бизнес хийдэг, орлого олдог, өрхөө тэжээдэг, ажлын байр бий болгодог, 2-3, түүнээс дээш тооны хүнийг ажлаар ханган цалин олгодог иргэнд 50 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй олгож, зөрүү 7 хувийг төрөөс гарган зээлдэгч иргэдийг санхүүжүүлэх замаар олгох юм.


Судалгаагаар нийт 500-600 тэрбум төгрөгийг 20-25 мянган иргэнд олгох тоо гарчээ. Харин ААН-үүдийн хувьд 500 сая хүртэл төгрөгийг олгож, хэрэв тухайн ААН хүсвэл, шаардлагатай бол, мөн барьцаа хөрөнгө хүрэхгүй нөхцөлд авах зээлийнхээ 60 хүртэлх хувь дээр Зээлийн батлан даалтын сангаас буюу төрөөс баталгаа гаргуулаад арилжааны банкуудаас авах юм. 

Тухайлбал, өрхийн зээлийн хувьд 15-30 сая төгрөг хүртэлх зээлд үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, эргэлтийн хөрөнгө шаардах юм. Хэрэв үл хөдлөх хөрөнгөө барьцаалъя гэвэл нийслэлд 65 хувиар, орон нутагт 50 хувиар, ЖДҮ эрхлэгч нарт орон сууцны биш үл хөдлөх хөрөнгийг 40-70 хувиар үнэлэхээ арилжааны банкууд мэдэгдэж буй. Энд агуулахаас аваад үйлдвэрийн байр, оффисын барилга зэрэг орж байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон түрээслэгч нарт тухайн худалдааны төв, захын удирдлага болон лангуу түрээслүүлэгч нартай хийсэн гэрээ байхад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тооцон зээл олгоно, өөр нэмж шаардлага тавихгүй гэдгээ мэдэгдэж байгаа. 

Цар тахлын нөхцөлд ажлын байрыг нэмэгдүүлж, шинээр бий болгох энэхүү зээл нь хэрэглээний бус бизнесийн зээл гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан дахин давтан онцолж буй. Зээлийг зориулалтын бусаар ашиглаад эхэлбэл Төвбанк, арилжааны банкууд хянаж буй учир амархан илрүүлж, зээлийн хүүг төлүүлэн арилжааны зээлд шилжүүлж зохицуулах юм. Иргэд, ААН зээлээ харилцагч банкаараа дамжуулан авах юм. 


Related news