Төр, хувийн хэвшил, гадаад хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-18 11:36:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын удирдлага уулзаж төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг хөгжүүлэх, хөгжлийн бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тодруулбал, талууд хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулахаар болов. Хоёр байгууллага бизнес, хөрөнгө оруулалтын статистик мэдээлэл солилцох, хууль эрх зүй болон олон улсын гэрээ, эрх зүйн хүрээнд зөвлөгөө өгөх, гадаадын хөрөнгө оруулагчдад үйл ажиллагааны салбарт нь шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулах, түүнчлэн бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөгөө, зөвлөмж бүхий гарын авлага, хэвлэмэл материал гаргах зэрэг ажлыг төлөвлөн зохион байгуулахаар тохиролцлоо.

Уулзалтад Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, дэд дарга Б.Дөлгөөн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцов. 



Related news