Дархан-Уул аймгийн төсөвт тодотгол хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-02 22:37:30

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн ээлжит бус 12 дугаар хуралдаан болж тус аймгийн 2016 оны төсвийг тодотгох тухай асуудлыг хэлэлцэв. Ирвэл зохих 33 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч ирж 78,8 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанд аймгийн Ерөнхий аудитор, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлаг, албад, сумдын удирдлагууд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнууд болон, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо. Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хуралдааныг нээж хэлсэн үгэндээ:-“Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон тохиолдолд Засаг дарга тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан нь аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх эрх зүйн үндэслэл болж байна” гэв.

Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга А.Энхболд:-“2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны эдийн засгийн төлөв байдалд тулгуурлан төсвийн орлогын төлөвлөгөөг үүсээд буй бодит байдалд нийцүүлэн орлогын нэр төрөл, зардлын зүйл бүрд шинжилгээ хийж 2015 оны эцэст төсөв санхүүгийн хэмнэлтийн горим баримталж ажилласан. Үүсээд байсан эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулан орон нутгийн төсөвт хасах тодотгол хийсэн зэргээс шалтгаалж хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ төлөвлөсөн ажлуудыг гүйцээж тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх боломж олгож байна” гэж онцлов. “Аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай” илтгэлийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан тавьсан бол аймгийн Аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Пүрэвсүрэн төсвийн тодотголд хийсэн дүгнэлтэдээ “Орон нутгийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал боловсруулж аймаг, нийслэлийн ИТХ-д оруулах” гэж заасны дагуу аймгийн ЗДТГ-ын гэрээт ажилтны цалин, НДШ-ийг хасах, НААҮГ-ын хэмнэгдсэн зарлагын дүнгээр төсөвт зохицуулалт хийх, 2016 онд УИХ-аас баталсан санхүүжилтуудыг нэмэгдүүлэхгүй байх нь зүйтэй” гэсэн зөвлөмж өглөө.

Хуралдаан аймгийн Засаг даргын илтгэл, аудитын газрын дүгнэлттэй танилцаад хурлын Төлөөлөгчид тодотголтой холбоотой асуулт асууж, санал шүүмжлэл өрнүүлсэн юм. Тус хуралдаанаар 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 17753,8 сая, зарлагыг 19018.5 сая, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1066.6 сая, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая, орон нутгийн хөгжлийн санг 4722.7 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 30273.8 сая төгрөгөөр батлаж хуралдаан өндөрлөв.

                                                                              Б.Норовсамбуу

Related news