Л.Пүрэвсүрэн:АСЕМ-ын хурлаас манай эдийн засагт 8-10 сая ам.доллар орно
МОНГОЛЫН МЭДЭЭМанай Улсад АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт эхлэхэд сар гаруй хугацаа үлдээд байна. Уулзалтын бэлтгэл ажлын талаар “МОНЦАМЭ” агентлагийн Мэдээллийн төвд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд дагалдах 9 хурал болох юм. Үүний хоёр хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулсан бөгөөд ирэх 6 дугаар сарын 9,10-нд болох Сангийн сайд нарын хуралдаанд бэлтгэж эхэлжээ. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтаар нийт 5000 зочин хүлээн авахаас 40 гаруй орны төрийн тэргүүн, ерөнхий сайд, 1000 орчим хэвлэл мэдээллийнхэн ирэхээр бүртгүүлээд буй аж.
Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс дараах асуултад хариулт авснаа хүргэе.
-АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцох төрийн тэргүүнүүдийн байрлах хотхон болон зам барилгын ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцох төр, засгийн тэргүүнүүд байрлах “АСЕМ вилла” хотхоны барилга, тохижилтын ажил дууссан бөгөөд ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийн ажил болон уулзалт хийх “Монгол хотхон”-ы бэлтгэл ажил ид өрнөж байна.
Түүнчлэн Их Монгол Улсын гудамж, Олимпийн гудамж, Гандигийн гудамжны уулзвараас урагш “Их тэнгэр”-ийн ам хүртэлх авто замыг ашиглахаар засвар шинэчлэлтийн ажлыг хийж байна. Энэ ажил 7 дугаар сарын 1-н гэхэд дуусна. Мөн АСЕМ-ын энэ удаагийн уулзалт 20 жилийн ойтой давхцаж буй тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийслэлд АСЕМ-ын 20 жилийн ойн дурсгалын хөшөө босох юм.
-Зочид буудлын тоо багассан гэх мэдээлэл байна. Энэ нь зээл олгохтой холбоотой юу?
-Саналаараа 4 нь татгалзсанаар 40 зочид буудал төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлээ ханган захиалгаа авч эхэлсэн. Энэ хүрээнд захиалгын нэгдсэн систем бүхий “i-Нotel” цахим хуудас ажиллаж байгаа. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамарсан АСЕМ-ын түнш зочид буудлуудаас 20 нь санхүүжилтээ аваад байна.
- Үйлчилгээнд ажиллах хүмүүс бэлэн үү?
-Хөдөлмөрийн яамтай хамтран 377 ажилгүй иргэнийг мэргэшүүлэн АСЕМ-ын үйлчилгээнд ажиллуулна. Зочид буудлын чиглэлээр 1800 ажилтныг мэргэшүүлэхээс 700 нь “Чадамжийн гэрчилгээ”-гээ авсан. Үлдсэн 800 ажилтан хуваарийн дагуу сургалтад хамарсан.
-АСЕМ-ын хөтөлбөр бэлэн болсон уу. Зочдод юу үзүүлэхээр төлөвлөөд байна?
- Нийслэлээс “Найрсаг Улаанбаатар” цогц арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд бэсрэг наадмаа өргөжүүлэн нүүдлийн соёлыг харуулах “Нүүдэлчдийн наадам”-ыг зохион байгуулна. Мөн Хамгаалалтын бүс дэх камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах, зочдод зориулсан нүүдэлчдийн наадам арга хэмжээг зохиох “Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км авто зам болон 400 машины багтаамжтай автомашины зогсоол байгуулна.
-АСЕМ-д оролцох төлөөлөгчид Монголын эдийн засагт хичнээн төгрөг оруулах талаар судалгаа гарсан уу?
-Хурлын бэлтгэл ажил, аюулгүй байдалд хяналт тавихаар 60 гаруй төлөөлөгч Монгол Улсад ирээд буцсан. Бэлтгэл ажлын хүрээнд хичнээн төгрөг Монгол Улсад орж буй талаарх судалгааг хийж эхэлсэн. Хурлын дараа гадны олон нийтийн ажилтнууд болон хэвлэл мэдээллийнхэн манай улсад аялах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ерөнхий тойм мэдээллээр 8-10 сая ам. доллар манай эдийн засагт орох төлөв байна.
-Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 800-1000 сурвалжлагч сурвалжилна гэсэн. Хэвлэл мэдээллийн төвүүдийн бэлтгэлийг хэр базаав?
-Дээд түвшний уулзалт болох “Шангри-Ла” цогцолборт Хэвлэлийн төв байгуулах ажил үргэлжилж байна. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/-той хамтран Дээд түвшний уулзалтыг олон улсад шууд дамжуулах, сэтгүүлчдэд шаардлагатай дүрс, зураг түгээх зэрэг ажлыг хариуцан ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Б.Заяа