Европт эхний ээлжинд чацарганы тос, шүүс экспортолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-10 12:58:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын чацаргана-Дэлхийн зах зээлд" кластерын анхдугаар чуулган МҮХАҮТ-д өнөөдөр эхэллээ. Монголын жимсний салбарт төрөөс баримтлах бодлого, чацарганы бүтээгдэхүүнийг олон улсад гаргах боломж, төлөв, чацарганы кластерийн хөгжил зэрэг сэдвээр итгэл тавьж, хэлэлцүүлж буй уг чуулганы талаар Монголын Чацарганы холбооны тэргүүн Д.Насанжаргалаас тодрууллаа. 


-Өнөөдрийн чуулганаас чацарганы тариалалт, экспорт, хэрэглээ, зах зээлээс юуг хэлэлцэн шийдэж, юуг хүлээж байна вэ? 

-Энд чацарганы гол нэрийн бүтээгдэхүүний нэг чацарганы тосыг Европын зах зээлд гаргах талаар голлон хэлэлцэж байна. Хэдийгээр чацарганы дотоод дахь хангамж дутмаг байгаа ч бидэнд бас экспортлох боломж гарч байна. Үүнийг давхар ашиглая гэж байгаа юм. Энд Европын холбооноос хэрэгжүүлж буй ТРАМ болон Герман улсын ХАҮТ-аас манайд мөн хэрэгжүүлж буй "Pro Value" гэсэн төслүүдийн шугамаар дэмжин туслаж байна. 

Манай улс Япон, БНСУ, Тайваньд чацарганы бүтээгдэхүүн экспортолж байгаа. Тэгвэл одоо Европын зах зээлд гарах боломжтой болоод байна. Ер нь чацарганы хувьд экспортын баримжаатай, чацарганы цэвэр шүүс болон тос гэсэн 2 гол бүтээгдэхүүн байгаа юм. Гадаад талд энэ 2 бүтээгдэхүүнийг их сонирхож буй учир бид эдгээр бүтээгдэхүүнийг хоршсон байдлаар үйлдвэрлэн гаргах юм. 

Чацарганы тос нь зөвхөн хүнсний зориулалттай бус мөн гоо сайхан болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнд ордгоороо онцлогтой. Тиймээс монгол чацарганы тосыг олон улс сонирхох нь нэлээд нэмэгдэж байгаа. Энэ боломжийг алдахгүй ашиглахын тул нэгд, кластерийн систем үүсгэн хоршиж ажиллаж байна. 


-Чацарганы бүтээгдэхүүнээ экспортлоход ямар шаардлага тавьдаг вэ?

-Хамгийн гол нь олон улсын ISO стандартад нийцсэн, Европын стандартыг бүхий л үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байх шаардлагатай. Эхнээсээ л ХАА-н зохистой бодлогын нэвтрүүлж, гарал үүсэл нь органик, цэвэр гэдэг нь тодорхой байх ёстой. Нэг ёсондоо тухайн хэрэглэгч орны хүнсний аюулгүй, эрүүл  байдлыг л хангасан байх учиртай. Бид эхний ээлжинд Германы өндөр зэрэглэлийн лабораторид чацарганы тосоо шинжлүүлэхээр өгчихөөд байна.  


-Одоо манай улсад чацарганаар хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Эхлээд хагас боловсруулсан, чацарганы тос болон шүүс гэсэн 2 үндсэн бүтээгдэхүүн байгаа. Чацарганы тос гэхэд дотроо үрийн тос, хальсны болон зөөлөн эдийн гээд олон янз. Шүүс нь тусдаа цэвэр байдлаар мөн гаргаж байна. Үүнээс цааш баяжуулаад чацарганы ундаанаас гадна сүү, цагаан идээтэй хольсон аарц байдлаар гэх мэтээр 30-аад төрлийн, хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, мөн эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн хийж байна. Жишээ нь, "Монос Хүнс"-ийн хийдэг биомон гээд гоо сайхны бүтээгдэхүүн болон өргөжиж байна. Хиаманд гэхэд чацарганы хальс болон үрийн шахдасыг оруулаад хийж байна. Дангаар нь мөн витамины үрэл хийж байна. 


-Чацаргана, жимс, жимсгэнээр дотоодын хэрэглээг бүрэн хангахад юу хийх ёстой вэ?

-Энэ бол их том ажил. Үнэндээ өнөөдөр манай улс жимс жимсгэний дотоодын хэрэглээний 90 гаруй хувийг импортолж байгаа. Тиймээс цаашдаа бид ганц чацарганаар дагнах бус гадаадаас авч буй, импортыг орлох алим, чавга гээд яст үрт жимсний тариалалтыг нэмэгдүүлэх том зорилт тавин ажиллаж байна. Ингэхдээ чацарганаа ил талбайд тариалах төдийгүй, бусад жимс жимсгэнийг хүлэмж болон хучилттай хөрсөнд тарих нь байгаль, цаг уурын эрсдэлийг давах, ийм нөхцөлд жимсгэний үржүүлгээ хийж тариалалтаа нэмэгдүүлэх нь чухал шаардлагатай болоод байна гэв. 


Чуулганы үеэр оролцогчид Герман улсын чацарганы салбарын нөхцөл байдлын талаар тус улсын чацаргана тариалагчидтай цахим уулзалт хийлээ.

Чацарганы үйлдвэрлэлийн борлуулалт өндөр бус, мөн дотоодын зах зээлийн хэрэглээ түгээмэл бус, хэрэглээг нэмэгдүүлэхэд соён гэгээрүүлэх, сурталчилгааны үйл ажиллагаа дутагдаж буйг чуулганаар хөндөн ярилцаж байна. Өнөөдөр манай улсад 7 мянган га-ад чацаргана тариалж, ургац сайтай жилд 3 мянга орчим тонныг хураан авдаг байна. 

Ташрамд дурдахад Монгол, Германы ХАҮТ-ын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дээр дурдсан чацарганы нэмүү өртгийг дэмжих "Pro Value" төслийн хүрээнд Увс аймагт чацарганы баярыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Энд орон нутгийн чацарганатай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг гарган шинэлэг чацарганатай бүтээгдэхүүнүүдийг шалгаруулдаг. Энэ жилийн баярт ААН-үүд нийтдээ 40 гаруй нэр төрлийн чацарганы бүтээгдэхүүнтэй оролцож, чацарганы баярын үеэр орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан “Брэндинг, онлайн маркетинг”-ийн 3 өдрийн сургалт зохион байгуулжээ.



Б.Болд

Гэрэл зургийн Н.Батбаяр

Related news