Малын хулгайтай тэмцэхийн тулд шөнийн эргүүл ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн хэлтсээс эрхлэн малын хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, малын эрүүл ахуй, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг олгох журам, хяналтыг сайжруулах болон тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Малчдын зөвлөлгөөн”-ийг хийв.
Малчдын зөвлөлгөөнд тус аймгийн Орхон, Хонгор, Шарын гол, Дархан сумын 100 гаруй малчид оролцлоо. Зөвлөлгөөний эхэнд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн ахлах төлөөлөгч С.Сүхбаатар “2014-2016 оны Мал хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ”, Мал Эмнэлгийн хэлтсийн дарга Х.Хавсамет “Мал эмнэлэг ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ олгох түүнийг хэрэглэх тухай”, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх мянгатын холбооны тэргүүн Б.Пүрэвдорж “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх мянгатын холбоо Нийтэд Үйлчлэх ТББ-ийн тухай”, Малчдын Холбооны дэд дарга Г.Сэнгээ “Малчдын холбооны үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээ”, Иргэний Нийгмийн нэгдсэн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн С.Сүхбаатар “Малын бэлчээр ашиглалтын өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” зэрэг мэдээллүүдийг хийлээ. Тус аймагт ажиллаж амьдарч байгаа мал бүхий иргэдийн дунд бэлчээрийн хомсдолоос болж маргаан үүсэх, тухайн нутагт харьяалалгүй гэсэн шалтгаанаар хөөх зэрэг хүндрэл гардаг байна. Мөн сүүлийн жилүүдэд малын хулгай эрс нэмэгдсэн.
Малын хулгайн хэрэг нь орой үдшийн цагаар ихэвчлэн гардаг учраас аймгийн Цагдаагийн газар, Олон нийтийн цагдаа, “Мянгатын холбоо” ТББ хамтарч шөнийн эргүүлийг тогтмол хийх санал гарав.
Түүнчлэн малын хулгайтай тэмцэхэд малчдын өөрсдийнх нь оролцоонд тулгуурлаж нэгдсэн зохион байгуулалтад оруулж аравтын системээр хуваарилж хамтарч ажиллах үүднээс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх “Мянгатын холбоо” ТББ байгуулагдан ажиллаж эхэлсэн.Тус холбооны ажлыг дэмжиж малын хулгайтай тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийг малчид хандивлаж ажиллах уриалга гаргалаа.
Б.Норовсамбуу