Шарын гол сумын цахилгааны шугамыг өргөтгөхөд нэг тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-19 18:33:46

“Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас зохион байгуулж буй “Ажил мэргэжлийн уралдаан- 2016” энэ сарын 18-28-ны өдрүүдэд болж байна.

Тус уралдаан жил бүр уламжлал болгон явагддаг. Энэ удаа Шарын гол сумын 18 км, 0.4 кВт-н агаарын шугамыг бүрэн шинэчилж 2200 гаруй хэрэглэгчийг ухаалаг тоолуурын системд шилжүүлж байгаагаараа онцлог юм. Тус сумын цахилгаан хангамж нь 50 жилийн насжилттай учир цахилгааны хэвийн найдвартай ажиллагааг баталгаажуулах шаардлага тулгарсан. Ингэж агаарын шугамыг өргөтгөснөөр тус сумын төв цахилгааны тасралтгүй найдвартай эх үүсвэрээр хангагдана.

Уралдаанд Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн бригадын нийт 105 инженер оролцож 32 тусгай төхөөрөмжтэй машиныг ашиглах бөгөөд нэг тэрбум төгрөгийн зардал гарна. Дээрх ажлыг хийхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдах хэдий ч уралдаан зарлаж олон бригадуудыг оролцуулснаараа зардал хэмнэж байгаа гэж ДСЦТС ХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргал нээлтийн үеэр ярилаа.

                                            Б.Норовсамбуу

Related news