Ц.Оюун-Эрдэнэ: Хүмүүсийн баярласан харц надад цэнэг өгдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн хорооллын орчныг өөрийнхөө санаачилгаар хамт олонтойгоо нийлж
тохижуулж, аюулгүй байдлыг бүрдүүлэн камержуулсан “Мэргэн дал” ХХК-ийн захирал Ц.Оюун-Эрдэнэтэй
цөөн хором ярилцлаа.
-Хэрлэн хорооллын гадна тохижилтыг яагаад хийх болсон талаар
яриагаа эхэлье?
-Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. Би өөрөө тав
тухыг эрхэмлэдэг. Ажиллаж, амьдарч байгаа орчин маань миний сэтгэлд нийцэж байж
бусдад таалагддаг. Амьдарч байгаа гадна орчноо тухтай байлгаж чадсанаар тогтвор
суурьшилтай байх үндэс болдог. Нөгөөтэйгүүр жаахан хүүхэдтэй болохоор суух
сандал, орчин байхгүй, шороон дээгүүр хүүхдээ дагуулаад яваад байхад хэцүү
байсан. Эцэг, эхчүүдийг харахад ч үнэхээр тухгүй харагдаад байсан. Аварга тосон
рашааны амралтын газрын агаар ус, орчин сайхан учраас би зундаа ихэвчлэн
тэндээ байх дуртай. Энд сэтгэлд нийцэхгүй, тав тухгүй харагдаад байсан учраас шороогүй,
тухтай орчин бүрдүүлэхээр шийдсэн юм.
-Өөрийнхөө сэтгэлд нийцүүлэн
хийсэн зүйлс тань олон хүнд тав тухыг мэдрүүлсэн байх. Танд хэрхэн мэдрэгдсэн
бэ?
-Өөрийнхөө ая тухыг бүрдүүлснээр хүмүүст таалагдаж эхэлсэн. Сүүдрэвч, мод
авчраад байрлуулж эхэлтэл хүмүүсийн харц нь өөр болоод цахим орчинд мэдээлэл
оруулаад эхэлсэн. Хүмүүс эерэгээр хүлээж авахыг хараад урам авсан. Би зөвөөр
үлгэрлэхийг боддог. Ойлгомжгүй, хандлага муутай хүмүүстэй ярилцаж, хандлагыг нь
өөрчлөхийг хичээдэг. Энэ байранд аж ахуйн нэгжийн удирдлага, албан тушаалтай олон
хүмүүс байдаг. Эд нар маань санаачлаад хийдэг, нэг нэгнийгээ дэмждэг,
үргэлжлүүлээд хийдэг, уриалдаг байгаасай гэж хүсдэг.
-Таны эхлүүлсэн ажлыг
дэмжиж, хамтран хийх, арчилж тордох хүсэлтүүд ирсэн үү?
-Манай монголчууд өөриймсөг хандах хандлага, сэтгэлгээ дутмаг. Юм хийж
байгаа хүнийг хүмүүс улс төр, албан тушаал, эрх ашигтай холбож хардаг. Миний
хувьд зөв ажил хийж, сэтгэл гаргавал үр дүн ирдгийг мэддэг учраас хийх ёстой
зүйлдээ сэтгэлээ зориулж хийж сурсан. Хүмүүс байрлуулсан хогийн савыг эвддэг, эсвэл гэрийнхээ хогийг авчраад хийдэг, хажууд нь тавиад явчихдаг. Тэр
хогийг манай ажилчид цэвэрлэдэг. Хийсэн зүйлийнхээ арчилгаа, тордолгоо,
цэвэрлэгээг өөрөө л хийдэг. Нийтийн эзэмшлийн талбай байтал хүн ирж цэвэрлэдэггүй.
Ногоон зүлгийг бага насны хүүхдүүдэд зориулж хийсэн ч том хүүхдүүд орж тоглоод
ховхолж урснаас болж би өөрөө дахиж хийсэн. Мөн хашаажуулснаар хүүхдүүд машины
зам руу гүйгээд байхгүйгээр аюулгүй орчныг бүрдүүлсэн.
-Гаднах орчныг тохижуулж,
камержуулсан нь оршин суугчдад тун таатай байгаа. Оршин суугч, үйлчлүүлэгчдийн хэнд
нь илүү тав тухыг мэдрүүлсэн бол?
-Энэ хавийн оршин суугчид манай үйлчлүүлэгчид юм. Тиймээс үйлчлүүлэгчдээ
хүндэлж, тэднийхээ төлөө тухтай орчныг мэдрүүлж, халуун дулаан уур амьсгал
бүрдүүлэхийг хичээсэн. Учир нь бид харилцан бие биенийхээ хэрэгцээ шаардлагыг
хангадаг учраас үйлчлүүлэгчдийнхээ төлөө юм хийх ёстой гэж боддог. Би
үйлчилгээний газраас сэтгэл ханамжаа тултал үйлчилгээ авахыг зорьж очдог. Тав
тухтай, сайхан харьцаа хандлага, үйлчилгээг би өөрөө хүсдэг. Тухгүй газраас хүн
гараад явчихдаг. Иймээс үйлчилгээ, хандлага маш чухал байдаг.
-Энд ихэвчлэн хүүхдүүд
тоглож, ярилцаж, бас хэрэглэсэн зүйлсийнхээ хогийг хаяж байгаа харагддаг. Та
тэдэнтэй хэрхэн харьцаж байна вэ?
-Би нэг өдөр хэдэн хүүхдүүдтэй ярилцсан. Эгч нь энэ бүхнийг мөнгө гаргаад
хийсэн. Хэдүүлээ эвдлээд хэмхлээд дуусчих уу гэтэл олон жил хэрэглэхийг хүсч
байна гэсэн. Тэгээд хүүхдүүд маань -Бид нар юу хийж чадах вэ гэхэд нь бүгдээрээ
хамгийн эхэнд хаясан хогоо авчихдаг болоод, хоггүй орчинд тогловол гоё шүү дээ гэсэн.
Хүүхдүүд ойлгоод, Хэрлэн хорооллынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулъя, бид
нар боломжоороо хуримтлалтай болъё, фэйсбүүкт хаяг нээгээд ярилцдаг байя гэж
хоорондоо ярилцсан байсан. Түүнээс хойш хүүхдүүд ойртоод, нэгдээд эхэлсэн. Нэг
өдөр хүүхдүүд бээлий, хайрцаг, тор гээд ороод ирсэн, хогнуудыг цэвэрлэсэн. Хогоо
цэвэрлэж, юм хийсэн хүүхдүүд ам цангаад, өлсөөд ороод ирдэг. Тэдэнд ууттай
боорцог, ус ундаа өгөхөөр их баярладаг. Хөдөлвөл хөлс гэдгийг багаас нь ойлгуулж,
санаачилгатай, зорилготой байлгахыг хүсдэг. Энэ нь юм хийж, ажил сурахын
хажуугаар хийсэн зүйлийнх нь үр дүн өөрт нь ирдэг гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
-Хэрлэн хорооллынхон болон "Цагаан цахир уул" ХХК-ийн хооронд асуудал их үүсдэг. Танай байгууллагад хэрхэн
нөлөөлдөг вэ?
-Төлбөрөө төлөөгүй айлууд олон байгаа. Зардал гаргаж байж, зөрүүн дээрээс
ашгаа олдог байгууллага учраас төлөх мөнгөө өгөөд байвал бид үйлчилгээгээ
аваад л байна. Би сард сая гаруй төгрөгийн халаалтын мөнгө өгдөг. Гэтэл одоо
халуун усгүй л байна.
-Та байрны болоод орчны
аюулгүй байдалд анхаарч бүрэн камержуулж байгаа талаар цахим мэдээлэл оруулсан
байсан. Энэ талаараа?
-Бид эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй. Би эрхээ эдлэхийн зэрэгцээ бусдад боломж олгож байна гэж ойлгодог. Манай 10 давхар байрны гадна талбай болон давхар бүрт камер байрлуулж, аюулгүй орчныг баталгаажуулж, бүрэн камержсан. Ямар хүмүүс орж гарч, хог хаяж байгаа нь бүгд дуутайгаа бичигддэг. Лифт эвдэрснийг камераа шүүж гаргаж ирснээс хойш камерны ач холбогдлыг ойлгосон. Орцонд хог тавихаа больсон. Сүүлийн үед хүмүүс ойлгоод, талархан, маш их өөрчлөгдөж байгаа. Иргэний үүрэг, нийгмийн хариуцлагаа ухамсарлаад энэ бүхнийг хийж байгаа.
