Гадаад харилцааг эдийн засагжуулах шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-22 12:01:19

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Су.Батболд дипломат албанд ажиллаж буй албан хаагчдыг мэдлэг мэргэшлээр нь томилдог эсэх, зэрэг цолыг шаардлага хангасан хүнд олгож чадаж байгаа эсэх, томилсон тохиолдолд ойр ойрхон эргүүлэн татаж тогтвортой ажиллуулдаггүй гэх ярианд ямар хариулт өгөх вэ гэсэн асуудлыг тодруулсан. Мөн дипломат албаны шалгалтад хэлтэй мэдлэгтэй залуус тэнцэхгүй байна гэсэн гомдлыг иргэдээс ирүүлж байна гэсэн юм.

Үүнд Гадаад хэргийн сайд С.Пүрэвсүрэн, "Дипломат албыг 3 жилээр хашдаг. Нэг хоёр жил болоод эргүүлэн татдаг асуудал байхгүй. Өнгөрсөн жилүүдэд тодорхой шаардлага хангаагүй иргэдийг томилсон гэх явдал гарсан. Тиймээс 26 хүнийг дуудаж шалгалт өгүүлсэн. Зарим нь өөрийн саналаар шалгалтад ороогүй. Ер нь төрийн бус байгууллагаас томилсон томилгоон дээр алдаа гарсан удаатай. Иймээс шинэ журам боловсруулж шалгалт авч байгаа. Дипломатын эхний шалгалтыг манай яам авдаггүй, төрийн албаны шалгалт өгдөг. Төрийн албаны шалгалтад Москвад 5 жил сурсан хүүхэд унаж байсан. Тиймээс төрийн албаны шалгалтаас дипломатын шалгалтыг ялгаж салгаж өгөх шаардлагатай" хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Манай улсын гадаад харилцаа 1-2 их сургууль төгссөн төгсөгчдөөр дүүрсэн. Гадаад харилцаа боловсон хүчний бодлогоо “солонгоруулмаар” байна. Шинэ хууль дипломатаа хамгаалсан хууль болжээ. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээ хэрхэн хамгаалах гэж байна вэ. Хэл соёлын асуудлыг нь хэрхэн шийдвэрлэх вэ. Бизнес харилцаатайгаа уялдуулж хөгжилтэй орнуудад иргэдээ визгүй зорчуулах боломжийг хангах хэрэгтэй” гэхэд салбарын сайд, "Иргэдэд туслах сан гэж бий. Сангийн төсвийг жил бүр нэмэх шаардлагатай. Хэл соёлын асуудлыг 8 дугаар бүлэгт тусгасан. Засгийн газраас "Дэлхийн Монголчууд" хөтөлбөр баталсан. Эрс дэвшил гарч байгаа" гэсэн тайлбарыг хийв.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Гадаад харилцааг эдийн засагжуулахтай холбогдуулж хэдэн асуулт асууя. ГХЯ өнөөгийн байдлаар гадаад харилцаа, улстөрийн харилцааг явуулж байна. Эдийн засагжуулж чадахгүй байна гэж үзэж байна. Энэ чиглэлийн ямар зүйл заалт тусгаж өгсөн бэ. Элчин сайдын яамдын ажлыг хэрхэн дүгнэдэг вэ. Дүгнэдэг журам байна уу. Ж.Батзандан гишүүн визний асуудал хөндөж байна. Визний асуудал бол маш чухал. Улстөр, эдийн засгийн хөшүүргээр энэ асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай" гэв. С.Пүрэвсүрэн сайд эл асуултад "Эдийн засагжуулах хөтөлбөрийг Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна. Одоогийн хуулинд хоёр ч шинэ заалт тусгаж өгсөн. Тус хөтөлбөрөөс гадна шинэ хууль хэрэгжвэл эдийн засагжуулах ажлыг тэргүүнд эгнээнд ажил хэрэг болгоно" хэмээв.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гадаад харилцааг эдийн засагжуулна гэдэг нэр томьёоны хувьд оновчгүй. Гадаад харилцаанд эдийн засаг орж явдаг гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус албанд эмэгтэй хүн томилох асуудлыг нааштайгаар харж, олон томилгоо хийдэг болох хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Гадаад дахь ЭСЯ-д иргэндээ ээлтэй бус, хэн нэгэн УИХ-ын гишүүн очлоо гэвэл яамаараа хөл алдаж хүлээж авдаг. Иргэндээ ялгавартай хандаж болохгүй. Иймээс энэ тал дээр анхаарч, цэгц журманд оруулах нь зүйтэй. Мөн улстөрийн өнгө аястай томилгоо хийдэг" гээд хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ үеэр ахмад дипломатчдыг залуу үеийнхнийг сургах ажилд дайчлах санал дэвшүүлсэн ба ардчиллыг сонгосныхоо төлөө манай улс Англи, Америк руу чөлөөтэй зорчдог байх эрхтэй гэсэн юм. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад 70 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

Б.Туул

Related news