Хулгайн гэмт хэрэгтэнг баривчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭОн гарсаар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд орон байрны хулгайн 20 гаруй удаагийн үйлдэл гараад байсан юм. Тэгвэл энэхүү үйлдлийг удаа дараа үйлдсэн гэмт этгээдийг аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллан баривчилжээ.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд он гарсаар 2, 3, 4-р саруудад нийт 20 гаруй удаагийн орон байрны хулгай гараад байсан юм. Тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажилласны дүнд гэмт хэрэгтэнг баривчилжээ. Гэмт хэрэгтэн нь энэ сарын 7-нд өдрийн цагаар Сүхбаатар сумын дөрвөн айлын гэрт эзэнгүй үед нь нэвтрэн орж, мөнгөн аяга, үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг зүйлүүдийг хулгайлсан байсныг илрүүлсэн байна. Хулгай хийж явсан гэмт этгээд нь Орхон аймгийн харьяат Б овогтой С байжээ. Тэрээр өмнө нь хулгайн хэргээр ял эдэлж байгаад 2015 оны 11 сард “Өршөөл”-ийн хуулиар гарч ирсэн байна. Тэрээр Сүхбаатар суманд үйлдсэн удаа дараагийнхаа хулгайн гэмт хэргийг хүлээгээд байгаа аж.
Аймгийн ЦГ-ын Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч С.Батжаргал ”гэмт хэрэгтэн нь өдрийн цагаар вакуум цонхоор дамжин айлд нэвтрэн орж, эд зүйлсийг нь хулгайлдаг байсан байна. Ард иргэдэд орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ил бус далд цоожыг сонгох хэрэгтэй. Ингэснээр гэрээ хүнтэй хүнгүйг ил мэдэгдэх боломжгүй болно. Мөн цонхондоо төмөр хаалт хийлгэхийг зөвлөе” гэлээ. Хулгайчид цонхоор нэвтрэх тохиолдол их байдаг байна. Ялангуяа вакум цонх нь түгжээ хамгаалалт муутай амархан онгойгддог гэнэ.
Дээрх гэмт хэрэгтэн удаа дараагийн орон байрны хулгайн гэмт хэргээ хүлээгээд байгаа бөгөөд одоогоор мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа аж. Иймээс орон байрны хулгайн гэмт хэрэгт өртөж, эд зүйлсээ алдсан иргэдийг аймгийн цагдаагийн газарт ирж бүртгүүлэх хэрэгтэй хэмээлээ. .
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг