МАХН сонгуульд эвсэх асуудлаа эргэн харахыг МАН-аас хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-20 20:17:42

МАХН-ын Бага чуулганы XIII хуралдаанаас МАН-д хандаж УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэн орох асуудлаа эргэн харж, эерэг шийдвэр гаргах талаар энэ сарын 22-нд хүртэл хамтран ажиллахыг уриалсан уриалга гаргажээ.

МАН МАХН “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэж, улмаар сонгуульд эвсэл болон хамтран оролцох тухай асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулан ажилласан. Харин МАН өнөөдөр үдээс өмнө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр МАХН тохиролцооноос ухарсан тул ирэх сонгуульд дангаараа оролцоно хэмээн мэдэгдээд буй.

Тус уриалгад, "Энэ сарын 19-нд ээлжит Бага чуулганаа зарлан хуралдуулж, МАН-тай эвсэх асуудлаар ажиллаж байгаа ажлын хэсгийн санал дүгнэлтийг нухацтай хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргаагүй байсан. Гэтэл МАН-аас, МАХН-тай эвсэхгүй гэсэн шийдвэрийг энэ сарын 19-ний 18:00 цагийн үед гаргасанд гүнээ харамсаж байна.

Манай хоёр нам эвсэж УИХ-ын сонгуульд оролцох нь монголын ард түмэн, эх орны эрх ашгийн асуудал мөн учир ард түмнийхээ эрх ашгийн төлөө гэсэн зарчмаа тууштай барьж, тэдний итгэлийг биелүүлэх нь манай хоёр намын үүрэг байх ёстой гэж үзэж байна. Хуулинд нам, эвсэл сонгуульд орохоо энэ сарын 29-нд албан ёсоор мэдэгдэх тухай заасан байгаа учир хоёр нам эвсэх асуудлыг шийдвэрлэх цаг хугацааны боломж бололцоо байгаа гэж үзэж байна. Иймд та бүхнийг яарч гаргасан шийдвэрээ эргэн харна уу" хэмээсэн аж. 

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Related news