Сурагчид андройд утаснаас татгалзах уриалга гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Үндэсний лаборатори Хэрлэн нэгдүгээр сургуулийн сурагчид андройд утаснаас татгалзах уриалга гаргав.
Тус сургуулийн 10а ангийн багш Э.Болортуяа анх ангийн хурал дээрээ сурагчиддаа андройд утасны хэрэглээгээ багасгах талаар санал дэвшүүлэхэд сурагчид нь дэмжиж эхний ээлжинд багш нь андройд утасны хэрэглээний талаар мэдээ мэдээлэл, хор уршгийг цуглуулж ирэхийг ангийн дарга А.Мөнхнаранд үүрэг болгосон аж. Ийнхүү сурагчид утаснаасаа татгалзаж эхэлсэн бөгөөд үүнийг нь тус сургуулийн захирал Н.Алтанцэцэг дэмжсэн байна. Ингээд сургууль даяараа хичээл дээрээ утас хэрэглэхээс татгалзаж эхэлжээ.
Багш Э.Болортуяа “ Тус ангийн багшаар тав дах жилдээ ажиллаж байна. Анх энэ ангийг дааж авахад сурагчид хичээлдээ их сайн байсан. Харин ахлах ангид орохдоо сурлагийн чанар нь эрс муудаж эхэлсэн. Учир нь ахлах ангид орлоо гээд андройд утас ихээр хэрэглэж хичээл дээрээ утсаараа тоглох, интернетэд байнга байх, фэйсбүүк ашиглаж хичээл дээр хоорондоо харьцах зэрэг маш олон сөрөг үр дагаварууд гарч эхэлсэн учир энэ уриалгыг гаргасан” гэв.
Ийнхүү тус ангийн сурагчид хичээлдээ оролцох оролцоо сайжирч, идэвхи санаачлагатай, сурлагийн чанар нь сайжирсан гэж хичээл заадаг багш нар нь хэлж байлаа.
Хэнтий аймаг О.Буянхишиг