Халх голд амь үрэгдсэн Буриадын дайчдын хөшөөг Монголд бэлэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-27 16:59:16

УЛААН-ҮД. /Baikal daily/. Халх голын тулаанд амь үрэгдсэн Буриадын дайчдад зориулан бүтээсэн хөшөөг Монгол Улсад бэлэглэнэ гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.


Уг хөшөөг Зөвлөлт-Монголын цэргүүд Халх голын тулаанд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа авто цуваанд оролцогчид Монголд хүргэх аж. “Эцэг өвгөдийн замаар” авто цуваа наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-ний хооронд үргэлжлэх бөгөөд 100 гаруй хүн оролцож байгаа юм.


Монгол Улсад бэлэглэх хөшөөнд буриад, орос, монгол гурван дайчныг дүрсэлжээ. Хөшөөний сууринд 1939 онд Халх голын байлдаанд амиа алдсан Буриадын 398 дайчны нэрийг сийлсэн дурсгалын самбарыг суурилуулжээ. Уг самбарыг шаазан чулуугаар бүрж, металлаар хийсэн георгиевийн туузаар хүрээлсэн байна.  


Дурсгалын хөшөөг наймдугаар сарын 23-нд 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол руу авч явжээ. Хөшөөг “Рысь” хайгуулын отрядтай хийсэн бэлэглэлийн гэрээний дагуу тус улсын Халх гол сумын “Ялалт” музейд бэлэглэх бөгөөд наймдугаар сарын 30-нд Халх голын ойролцоох Ремизовын өндөрлөгт нээх ажээ. Нээлтийн ёслолд албаны хүмүүс, ахмад дайчид, залуучууд болон олон нийтийн байгууллагууд, уран бүтээлчид оролцоно.


Зөвлөлт-Монголын цэргүүд Халх голд Япон-манжуурын эзлэн түрэмгийлэгчдийг ялсны 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээний оргил хэсэг болох цэргийн жагсаал есдүгээр сарын 15-нд Улаан-Үд хотын төв талбайд 12:00 цагт болно гэж Буриад улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Жагсаалд Буриадын цэрэг-эх оронч клубуудын гишүүд, сурагч, оюутнууд, Буриадын Залуу армийн гишүүд, цэргийн сургуулийн сонсогч хүүхдүүд оролцохоос гадна, Монгол Улсаас ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцоно.  


Цэргийн жагсаалд оролцогчдод болон үзэгчдэд зориулан хээрийн гал тогоо, орчин үеийн зэвсэг болон 1939 оны Халх голын байлдааны талбараас “Рысь” хайгуулын отрядынхны олсон археологийн олдворуудын үзэсгэлэнг дэлгэх аж. Мөн чиглэл олох тэмцээн, цэргийн түүхийн мэдлэгээ сорих оюуны тулаан зэрэг цэрэг-эх орны сэдэвтэй олон арга хэмжээ зохион байгуулна. 


Related news