Талибууд Америкийн иргэнийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-29 11:39:34

ДУБАЙ, 2025 оны есдүгээр сарын 29 /AP/. Харилцаагаа хэвийн болгох хүчин чармайлтын хүрээнд АНУ-ын төлөөлөгчидтэй хоригдол солилцох талаар тохиролцоонд хүрсэн гэж Талибан” хөдөлгөөнийхөн мэдэгдсэнээс хэдэн долоо хоногийн дараа Афганистаны шоронгоос Америкийн нэгэн иргэнийг суллажээ.


Талибаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Зиа Ахмад Такал суллагдсан хүний нэр нь Амир Амири гэдэг болохыг мэдэгдсэн байна. Харин А.Амириг хэзээ, хаана, яагаад баривчлан саатуулсан талаар дурдсангүйТүүнийг сулласан талаар мэдээлэл бүхий албаны хүний хэлснээр, А.Амири 2024 оны 12 дугаар сараас хойш Афганистанд хоригдож байсан бөгөөд одоо АНУ руу буцаж байгаа гэнэ. Тэрбээр хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх эрхгүй тул нэрээ нууцлахыг хүссэн байна.


Катарын тал А.Амириг суллахад зуучилсан нь АНУ-тай байгуулсан аюулгүй байдлын түншлэлийн үр дүнд бий болсон хамгийн сүүлийн дипломат ололт амжилт бөгөөд энэ онд өөр дөрвөн америк иргэнийг чөлөөлсөн юм. Арабын хойгт орших эрчим хүчний нөөц ихтэй тус улс мөн олон сарын турш хоригдож байсан британи хосыг суллахад тусалжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, А.Амириг сулласан явдалд баяртай байгаагаа илэрхийлээд, энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын саяхан гаргасан зарлигийн дагуу Америкийн иргэдийг хилийн чанадад хууль бусаар баривчлахаас хамгаалах шийдэмгий байдлыг харуулж байна гэжээ. Энэхүү үйл явдал нь зорилгодоо хүрэхэд чухал алхам болж байгаа бөгөөд Афганистанд Америкийн өөр иргэд үндэслэлгүйгээр баривчлагдсан хэвээр байна. Баривчлагдан саатуулагдаад байгаа бүх иргэн эх орондоо эргэн ирэх хүртэл ерөнхийлөгч Трамп тайван суухгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Талибууд Америкийн иргэдийг сулласны хариуд юу авах нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ Афганистаны хэрэгцээ шаардлага асар их байгаа юм. Эдийн засаг, хүмүүнлэгийн хямрал нүүрлээд буй үед тус улсад үзүүлдэг олон улсын тусламжийн мөнгө багассаар байгаа бөгөөд ялангуяа наймдугаар сарын 31-нд болсон 6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа нөхцөл байдал улам хүндэрчээ.


Гэхдээ Афганистан улс Баграмын агаарын баазыг эргүүлэн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн Д.Трампын анхаарлын төвд байсаар байна. Талибаны өндөр албан тушаалтнууд уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.  

 


Related news