Л.Батсайхан: Бид ажил, амлалт, амжилтаа дөрвөн жилээр зогсоохгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Өнөтэй өвлийг өртөөлөн давж, урин хавар цагтай золгон буй энэ цаг дор Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхантай уулзаж, ажил хэргийн яриа өрнүүлэв.
-Аймгийн ИТХ-ын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн
хуралдаанаар Хурлын байгууллагын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны
үндсэн зорилтоо батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ зорилтуудаас “Оюунлаг
Хан Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийчүүдээ дэмжих” гэсэн зорилтыг илүү
хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Энэ санааг
анх Хэнтийчүүдийн хэзээний танил ахмад
багш А.Таравжав гаргаж, Монголчууд оюуны хоосролд орж байна гэж хэлж байсан юм.
Иймээс бид зорилтынхоо хүрээнд Монгол Улсын хөгжлийг цааш нь авч явах
залуучуудыг багаас нь хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй гэж шийдсэн. Энэ
томоохон ажлын эхлэл нь Хэнтийн мэдээ агентлагтай хамтарсан “Шинэ санаа-Шилдэг шийдэл”
саналын дэвтрийг сумдад аялуулж, сум тус бүрээс 10 саналыг авч эрэмбэлсэн явдал
юм. Мөн “Миний Хэнтий-Мини хурал”-ыг
өсвөрийн 39 сурагчаар бүрдүүлж, 41 санал авснаар 2019 оны төсөвт тодорхой
ажлууд тусгагдлаа. Одоо бид иргэдийнхээ дунд явуулын саналын хайрцаг ажиллуулж,
тухайн суманд сонгогдсон төлөөлөгч
хэрхэн ажиллаж байгаа талаар тандалт
хийж байна. Түүнчлэн өсвөрийн шигшээ багийг
бэлтгэж, тэднийг аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох боломжоор
хангах, амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулж
байна. Дараагийн ажил нь бүх нийтийн дунд ном унших хөдөлгөөнийг өрнүүлж байгаа
юм. Энэ ажлын хүрээнд аймгаасаа төрөн гарсан зохиолч, яруу найрагчдын уран
бүтээлийг нийтэд сурталчлах зорилгоор “Хан Хэнтийн салхи” яруу найргийн номыг
аймгаас санхүүжүүлэн хэвлүүллээ. Мөн “Бүтээлч уншлагын уралдаан”-ыг өнгөрсөн 5
дугаар сараас 5 сарын хугацаанд насанд хүрэгчид, сурагчид гэсэн ангиллаар зохион
байгуулж, шалгарсан 5 хүнийг БНХАУ-ын
Тяньжин хотын Бинхайн нүд олон улсын соёлын
цогцолбороор аялууллаа. Энэ ажил маань нийгэмдээ зөв үлгэр дуурайллыг бий болгох
зорилготой юм. Ингээд яривал маш олон ажлыг хийж хэрэгжүүлж амжуулсан байна. Харин хурлын хувьд хуулийн хугацаандаа жилд
2-оос доошгүй удаа хуралдах ёстой байдгаас бид жилд 3 удаа хуралдаж байна. 2016
онд 3 удаа, 2017 онд 3 удаа, 2018 онд 3 удаа хуралдлаа. Одоо удахгүй 10 дахь
хуралдаанаа зохион байгуулна. Тэргүүлэгчдийн хуралдааныг бид 50 гаруй удаа хийж,
100-аад шийдвэр гарган, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
- - 2016 оны
сонгуулийн “Дээдэлнэ, дэмжинэ, дэвжээнэ” гэдэг уриаг санаж байна. Бүр
тодруулбал “Ахмадаа дээдэлнэ, залуусаа дэмжинэ, өрх гэрийг дэвжээнэ” гэсэн
заалтуудыг иргэд тодорхой хугацааны дараа дүгнэх гэж байна л даа. Хэрэгжиж
чадсан уу?
-Зорилт, ажлуудын биелэлт сайн
байгаа. Ахмадаа дээдэлье заалтын хүрээнд бид ахмадын ордонтой боллоо. Ингэснээр
ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, бүжиг бүжиглэх, шатар
даам тоглох гэх мэтчилэн бүх боломжийг бүрдүүлсэн нь бусад аймгуудад байхгүй
ордон болж чадлаа. Мөн сар бүрийн 26-ны өдөр байгууллага бүр ахмадын өдөрлөгийг
зохион байгуулж хэвшсэн байна. Өнгөрсөн жил аймгийн Ахмадын аварга шалгаруулах
3 төрөлт тэмцээнийг аймгийн иргэдийн Хурлын нэрэмжит болгон явууллаа. Мөн
Залуусаа дэмжинэ заалтын хүрээнд хурлын байгууллагаас “Залуучуудын хөгжлийг
дэмжих” дэд хөтөлбөр батлан гаргасан. Ингэснээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газраас Залуучуудын өдөрлөг, үйлчилгээний ажлыг тодорхой үе шаттайгаар
зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн онд аймгийнхаа бүх сумдаар явахдаа
залуучуудтайгаа уулзаж, энэ талын ажлыг идэвхжүүлэх тал дээр анхааран ажиллаж
байна. Өрх гэрээ дэвжээх, дээдлэх заалтын тухайд бид 2018 оныг “Гэр бүлийн
хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд аймгийн удирдлагууд 18
сум, 88 багт очиж ажиллан 20 гаруй мянган иргэдэд төрийн 13 байгууллагын 43
төрлийн үйлчилгээг үзүүллээ. Аймгийн Хурлын Тэргүүлэгчдээс сар бүрийн тодорхой
нэг өдрийг “Гэр бүлийн хөгжлийн өдөр” болгон зарласан.
- -Өнгөрсөн
оны сүүлчээр төсөв батлагдсан. Улс орон нутгийн төсөв хэрхэн нэмэгдсэн талаар
мэдээлэл өгөөч?
-2019 онд Улсын төсвийн 50,5 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өмнөхтэй харьцуулбал 10 гаруй тэрбумаар
нэмэгдэж байгаа юм. Аймгийн нийт төсвийн хэмжээ өмнө нь 50 гаруй тэрбумаар
батлагддаг байсан. Одоо бол 62,2 тэрбум төгрөг болчихлоо. Өөрөөр хэлбэл эдийн
засаг өсч байна гэж харж байна л даа. Энэ жилийн хувьд орон нутаг руугаа
хандсан төсвийн хуваарилалтыг түлхүү хийсэн. Энэ төсвийг иргэдийн амьдралын
чанарын өсөлт рүү чиглүүлэх нь чухал юм. Энэ утгаараа бид ажил, амлалт, олсон
амжилтаа энэ 4 жилээр зогсоохгүй, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг урт хугацаанд
үргэлжлүүлнэ гэж зорьж байна.
- - Хурлын
үйл ажиллагаанд байгаль орчны асуудал тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Гутайн
давааны анхны зөвшөөрөлтэй холбоотой томоохон асуудал үүссэн. Яг одоогийн
байдлаар Батширээт суманд ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?
-Гутайн даваа нь Биндэр, Батширээт
сумын нутагт харъяалагддаг бөгөөд 3 компани лиценз эзэмшдэг. Ард иргэдээс болон
ойролцоох сумдын ИТХ-ын байгууллагаас энэ газрыг улсын тусгай хамгаалалтад
авахгүй бол Онон голын эх газар дээр ашиглалт хийгдэж, гол бохирдож байна гэдэг
санал гарсан. Үүний дагуу бид аймгийн хурлаар хэлэлцэж, шийдвэрээ гаргаж,
тусгай хамгаалалтад авахуулахаар БОАЖЯ-д саналаа уламжилсан. Үүнийг Гутайн
даваанд лицензтэй "Пегматит майнинг" компани хүлээн
зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд гомдол гаргасан. Ингээд дээд шүүхийн давах болон хяналтын шатанд
манай хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн юм. Үүний
хүрээнд БОАЖЯ-нд энэ асуудлыг аль аль талд нь яаралтай шийдэж өгөхийг хүссэн.
- - Ирэх
сарын 25-нд иргэддээ ажлаа тайлагнах гэж байна. Ер нь тайлан тавихын ач холбогдол нь юу байдаг
юм бэ?
-Хуулиараа ИТХ-ын тэргүүлэгчид
жилдээ нэг удаа хуралдаа тайлан гаргадаг. Хийж бүтээсэн ажлаа төлөөлөгч болон
иргэдэд тайлагнаж байгаа хэлбэр. Хурлын байгууллага нь ямар үйл ажиллагаа
явуулдаг, үндсэн чиг үүрэг нь юу юм бэ гэдгийг хүмүүст таниулахыг зорьж явна. Зарим
хүмүүст Засаг даргаа сонгодог, төсөв баталдаг байгууллага мэтээр ойлгогддог.
Үүнийг өөрчилье гэж бодож байгаа юм. Энэ удаагийн хурлаар бид хэд хэдэн асуудал
шийднэ. Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсрогдсон. Үүнийг хуралдаанаараа
батлуулна. Мөн ойгоос мод бэлтгэх дээд хязгаарыг батлах асуудал, тусгай
хэрэгцээнд авах газрын асуудал орно. Өөрөөр хэлбэл бичил уурхайн чиглэлээр
хүсэлтээ гаргасан хүмүүст олгох эсэх асуудлыг энэ хурлаар хэлэлцэнэ.
- - Танай
байгууллага иргэддээ хэр нээлттэй вэ?
-Манай байгууллагад иргэдтэй уулзах
цаг гэж байдаггүй. Иргэд аль ч өдөр хурлын байгууллагаар үйлчлүүлж болно. Надтай
ихэвчлэн хандив тусламж хүссэн, ажилд орохыг хүссэн, төрийн шагналд
тодорхойлсон, цагаатгалын асуудал, бодлогын хэмжээний зарим асуудлууд гэх
мэтийн санал, хүсэлттэй иргэд уулздаг. Харин зарим төрийн байгууллага, хуулийн
байгууллагуудын хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, хурлаас зарим
асуудлуудыг шийдэж өгөхийг хүссэн саналууд ирдэг. Бид иргэддээ хэзээд нээлттэй
ажиллахыг чухалчилдаг. Бүх мэдээллээ khentii.khural.mn
сайтад тогтмол байршуулж байна.
- - Өнгөрсөн
жил хурлын байгууллагаас цаг баримтлалын тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын
хэрэгжилт хангалтгүй байгаа нь ажиглагддаг?
-Байгууллагууд зохион байгуулах ажлуудаа цагт нь хийгээчээ
гэдэг зүйлийг бид хаана ч очсон хэлж байна. Эхэндээ энэ тогтоол хэрэгжиж
байсан. Үүнд иргэдээс хамаарсан зүйлүүд бас гарч ирсэн л дээ. Яг ажлаа эхлэх
гэхээр иргэд нь цуглардаггүй тал бий. Миний хувьд аливаа үйл ажиллагааг эхлэхийн
өмнө л явж очоод хүлээгээд сууж байх жишээтэй. Харин тогтоолын хэрэгжилт
хангалтгүй байна гэдэг дээр шууд хариуцлага тооцох эрхгүй ч томилох эрх бүхий
албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөх боломжтой. Харин хэрэгжүүлээд явбал цаг
баримтлал гэдэг олон талаар үр дүн авчрах зүйл шүү дээ.
- -Өнгөрсөн
хугацаанд 9 удаа хуралдсан гэлээ. Ер нь төлөөлөгчдийн хуралдаанд оролцож буй
идэвх харилцан адилгүй харагддаг. Хамгийн олон хурлаа тасалсан төлөөлөгчийг
нэрлэж болох уу?
-Өнгөрсөн хугацаанд хуралдаанд
оролцсон төлөөлөгчдийн дундаж ирцийг гаргахад 81.2%-тай байна. Үүнээс Норовлин
сумын төлөөлөгч Н.Ариунбилэг 1 удаа, Биндэр сумын төлөөлөгч Б.Насанжаргал 4
удаа буюу хамгийн бага суусан байна.
- - Бүхэл
бүтэн сумыг төлөөлж байгаа гэдгээ умартсан “хэнэггүй” төлөөлөгчдөд хариуцлага
тооцсон уу?
-Хуулиараа ямар нэгэн хариуцлага
тооцох эрхзүйн үндэслэл байхгүй. Тухайн төлөөлөгч чөлөөлөгдсөн, нас барсан,
бүрэн эрх нь хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд нөхөн сонгууль явуулах
зохицуулалт бий.
Ер нь төлөөлөгч хүн сум, орон
нутгийнхаа өмнө тулгамдаж буй асуудлууд болон иргэдийнхээ дуу хоолойг аймгийн
Хуралд хүргэх, асуудлуудыг шийдвэрлүүлэх зорилготой ажиллах учиртай. Тухайн үед
иргэдийнхээ саналыг аваад дэмжигдээд ороод ирсэн байж гэхэд зарим тохиолдолд
нам нь цөөнх болохоор ингэж ханддаг юм уу, шалтаг шалтгаан байдаг байх. Иргэнээ
төлөөлнө гэдэг хариуцлагатай хандах ёстой маш чухал ажил шүү дээ.
- -Хурлын
байгууллагын томоохон чиг үүрэг бол хяналт шалгалт байдаг. Энэ чиглэлээр ямар ажлуудыг хийгээд байна?
-Өнгөрсөн хугацаанд гутайн давааны
лиценз, хууль бусаар өнгөт чулуу олборлолт, сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих
сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг ажилласан. Зөрчлүүд
тодорхой хэмжээгээр байгаа. Ажлын алба сумдад очиж, шалган туслах ажлыг хийдэг. Үүний
дараа бид аудитын байгууллага руу ханддаг. Хурлын байгууллага жилдээ 3 сэдвийг
аудитын байгууллагад өгөх эрхтэй байдаг л даа. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн
хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих сангийн үйл
ажиллагааг шалгууллаа. Мөн шилэн дансны хэрэгжилтийг хангуулах талаар болон
малжуулах төсөл хөтөлбөрийг шалгуулсан. Ингэснээр сум хөгжүүлэх сан, жижиг дунд
бизнесийг дэмжих сангийн зээл эргэн төлөлтгүй байсан учраас дараагийн шатны
арга хэмжээг авч шүүхэд хандсан. Зарим сумд “Бусдадаа боломж олгоё” аяныг өрнүүлж байгаа юм. 2016 оноос эхлэн
аймгийн Төрийн аудитын байгууллагаас шалгасан гүйцэтгэлийн болон нийцлийн
аудитыг дүнг Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтмол хэлэлцүүлж, холбогдох сум,
байгууллагуудад зөрчил дутагдлыг арилгах талаар үүрэг, чиглэл өгч ажиллаж
байна.
- - Зарим дарга
нарыг төрийн өндөр албан тушаалыг амьдралаа дээшлүүлэх “хөшүүрэг” болгож
ашигладаг гэлцдэг. Таны бодлыг сонсмоор байна? Хөрөнгө орлогын мэдүүлгийн
тухайд ч тэр Та хэр баян хүн бэ?
-Ихэнх хүмүүс дарга болонгуут
баяждаг, мөнгөтэй болдог гэсэн ойлголттой байдаг. Миний хувьд үүний эсрэг
бодолтой явдаг. Надад төсөв захиран зарцуулах эрх байх ч үгүй. Надад хэдэн
төгрөг бариад асуудлаа шийдүүлэх гэж хэн нэгэн хандаж байгаа ч үгүй. Өөрөө ч тийм зүйлд сонирхолгүй. Төрийн ажлыг
хийснийхээ төлөө татвар төлөгчдийнхөө мөнгөөр цалин авч байна. Хүмүүсийн жишгээр амьдарч
байна. Саяхан би орох оронгүй, зуны амбаарт өвөлжих болоод байсан нэг өрхөд
туслахаар шийдэж, ДЗМОУБ-тай хамтран гэр
олгосон. Гэтэл цахим орчинд намайг хууль бусаар олсон мөнгөөрөө гэр авсан байна
гэсэн мэдээлэл цацагдсан байсанд “хүний нэр төр, хийсэн бүтээснийг зориудаар
харлуулах ямар хэрэг байдаг байнаа” гэж гайхаж суулаа. Миний хувьд хөрөнгө
орлогын мэдүүлгээ өгсөн. Аав ээжийнхээ буянаар хэдэн малтай байдагтаа л баярлаж
сууна даа. Тэрнээс олны итгэлийг хүлээж, тэднийг төлөөлж суугаа албан тушаалаасаа
илүү харж, хувиа борлуулах увайгүй амьдралын зарчим надад байхгүй, аймаг орон
нутаг, иргэдийнхээ төлөө ганц ч гэсэн хэрэгтэй зүйл хийчихсэн дээ гэж боддог.
- -Төрийн
шагналын асуудал танайхтай холбоотой. Олон ч иргэд төр түмнийхээ хайр ивээлийг энгэртээ
гялалзуулж байдаг бол зарим нь хүлээлттэй суудаг.
Танайхаас яг ямар шаардлага тавьдаг юм бэ?
-Хуулийнхаа дагуу шат дараалалтай
явагддаг зүйл л дээ. Бидний зүгээс хамгийн гол үр дүнг илүүд үздэг. Тодруулбал
тухайн шагналд тодорхойлуулагчийн ажлын үр дүн, хийсэн бүтээл нь юу вэ гэдгийг
хардаг.
-Ер нь шагналууд хэр нүдээ олсон гэж та боддог вэ?
-Сүүлийн үед олгож байгаа зарим шагналууд
нүдээ олоогүй юм шиг санагддаг. Зарим нь ч магадгүй зүүхээсээ ичдэг байх. Харин
ахмадууд маань саналаа их хэлдэг. Үндсэндээ бид шагнал олгодог биш, уламжилдаг
хүмүүс шүү дээ. Хийсэн бүтээсэн зүйлтэй хүнийг цаг алдалгүй шагнаж байх ёстой
юм. Биднээс уламжилсан материал дээрээ очихоороо шийдэгддэггүй. Х.Баттулга
ерөнхийлөгч гарснаас хойш шагналын журмыг өөрчилж, намаас шагналд дэвшүүлэх эрх нээлттэй
болгосноор Хурлын саналыг авалгүйгээр намаас жагсаалтаар гаргаж олгох болсноор
шагналын нэр хүндийг унагаж байгаа санагддаг. Энэ асуудал, шагналын талаарх иргэдийн
саналыг нэгтгэн бид албан бичгээр хүргэсэн байгаа.
- -“Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ”
тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Үр дүнгээс нь хуваалцвал?
-Анхны юманд алдаа оноо байдаг.
Хэнтий аймаг яалт ч үгүй Чингис хааны онго шингэсэн, түүх оршсон нутаг. Монголын
нууц товчоог Хэнтий нутгийн иргэн бүр мэдэж байх нь зөв гэдэг үүднээс уг
уралдааныг анх удаа аймагтаа зохион байгуулж, 10 сумын 86 иргэн оролцсон. Энэ уралдааныг жил
бүр уламжлал болгон зохион байгуулна. Энэ жилийн хувьд насанд хүрэгчид,
хүүхдийг нэг ангилалд явуулсан. Ирэх жилээс тус тусдаа хийх нь зөв санагдсан. .
-
Манай сумдын хурлын төлөөлөгчид хэр үр
дүнтэй ажиллаж байна вэ?
-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр,
Швейцарийн хөгжлийн агентлаг, УИХ-ын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа
“Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг,
сумын ИТХ-ын төлөөлөгчид, нарийн бичгийн дарга нар, багийн ИНХ-ын дарга нарыг
хэд хэдэн удаа хамруулснаар тухайн хүмүүс чадавхжиж байгаа. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг нэг багц
гэж бодвол сумын хурал нь ч орно, багийн иргэдийн нийтийн хурал нь ч орно.
Харин сумын хурлын байгууллагууд янз бүрээр ажиллаж байна. Бүрэн эрхийнхээ
хүрээнээс хандахаар сумын хурлын ажилд аймгийн хурал шууд оролцох эрх байхгүй.
Бид нар хуралд зөвлөн туслах үүрэгтэй. Бидний гаргасан дүгнэлтээр Өмнөдэлгэр сумын
хурал үйл ажиллагаагаараа тэргүүлж,
Дадал сумын хурал хоёрдугаарт, Батноров сумын хурал гуравдугаарт шалгарсан. Нутгийн өөрөө удирдах байгууллага, баг, сум,
аймгийн хурлынхан нийлээд нэг ажил сэдээд хөдөлбөл том хүч шүү.
- - Та шийдвэр
гаргахдаа хамгийн түрүүнд юуг анхаардаг вэ?
-Хуульд нийцүүлэх ёстой л гэж
хардаг. Тэгээд иргэдийн санал хүсэлт, нийтлэг эрх ашигт нийцсэн байгаа эсэхт
анхаардаг даа.
- -Төрийн албаны шинэ хууль батлагдан хэрэгжиж эхлээд байна. Засаг захиргааны нэгжийн хуулийн өөрчлөлтийн тухайд та ямар саналтай байна вэ?
-Шинэ хуулиар төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, тогтвортой ажиллах орчин нэмэгдэж, үр дүнд суурилсан шатлан дэвшүүлэх зарчим хэрэгжиж эхэллээ. Гэхдээ шуурхай, дайчин байдал, санаачлагатай байхыг зүй ёсоор шаардаж байна. Дээр нь шударга ёс, ёс зүй. Тэр дундаа ажил үүрэгтээ жинхэнэ эзний ёсоор хандаж, сэтгэлээсээ хийхийг иргэд хүсч байна. Төрийн албан хаагчид бол манай хурлын байгууллагын ойрын түнш. Тэд сайн ажиллаж, ажлын уялдаатай байж гэмээнэ ард иргэдийн сэтгэл ханамж сайн байна.
Бид
оны эхэнд “Нутгийн удирдлагын тогтолцоо” үндэсний чуулганд оролцоод ирлээ. Энэ
үеэр нэгжийн хуулинд өөрчлөлт орох олон зүйл яригдаж байна. Төслүүдтэй нь
танилцахад бас л хөрсөн дээр буугаагүй гаргасан санал дутуу тусгагдсан төсөл
санагдсан. Чуулганы үеэр энэ хуулинд дутуу зүйл олон байгаа тухайд санал бодлоо
илэрхийлсэн. Бид ирээд дахиад сумдаас, төлөөлөгчдөөсөө санал авч хүргүүлсэн.
- -Цагаатгалын
ажил танай үйл ажиллагааны чиглэлд багтдаг.
Нөхөн олговор болох 40, 80 сая төгрөгийг олгоно гэх яриа иргэдийн дунд
гарсан байсан. Энэ талаар?
-Цагаатгах ажлыг зохион байгуулах
комиссын ажлын хэсгийг байгуулсан. Бид анх удаагаа сум орон нутагт ажиллалаа.
Ингэхдээ хамгийн ихээр иргэд нь хэлмэгдсэн Биндэр, Дадал, Батширээт суманд
очсон. Өнгөрсөн жил Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос
хүмүүсийг урьж ажиллуулсан. Энэ үеэр 30 гаруй иргэдтэй уулзсанаас 9 иргэн материалаа бүрдүүлэн шинээр 1 сая төгрөг авсан. Энэ ажил
дуусаагүй байхад дахиад 40, 80 сая
төгрөгийн нөхөн олговрын асуудал гарч ирсэн. Урьд нь нөхөн олговрыг тухайн
хэлмэгдсэн хүний садан төрөл, ач зээ нь авч болдог байсан бол одоо шинэ хуулиар
төрсөн, эсвэл үрчилж авсан хүүхэд нь 40, 80 сая төгрөгийг авч болохоор хуульчилсан.
Манай аймагт хэлмэгдэгсдийн 80 гаруй үр хүүхдүүд байдаг. Цагаатгалын комисст улсын
төсөвт 5 тэрбум төгрөг суусан. Энэ мөнгөнөөс хамгийн өндөр настай хүндээ
түрүүлж өгье гэдэг шийдвэр гараад байна.
- -Та 2
дугаар багаас сонгогдсон төлөөлөгч. Өнгөрсөн хугацаанд танай баг дээр бүтээн
байгуулалтын маш олон ажлууд өрнөлөө. Албан тушаалаа ашиглаад хөрөнгө оруулалт
талдаа арай илүүг хуваарилаад байгаа юм биш биз гэсэн хардалт байна?
-Аймгийн төвийн 5 багаас хамгийн хөгжил
муутай, орон сууцгүй, гэр хорооллоос бүрдсэн баг нь 2 дугаар баг гэж хэлж болно. Бусад багийнхаа
хэмжээнд хүргэе гэж бодож л ажиллаж байна. Гэрэлтүүлэг, зам харгуй нь ижилхэн
шийдэгдээд явж байгаа. Багийн хөгжлийн төвтэй боллоо. Өрхийн эмнэлэг нь иргэддээ
ойртож ажиллах боломж бүрдлээ. Авто вокзалын тухайд бол анхнаасаа л байршил нь
тэнд төлөвлөгдсөн байсан. Ер нь хурал дээр л тус багаас сонгогдсон төлөөлөгч
нар өөрсдийн санаа оноогоо зөв ойлгуулж чадсан эсэхтэй холбоотой шүү дээ.
Тэрнээс дандаа эрх мэдэл бүхий албан тушаалтай хүмүүс байлаа гээд албан
тушаалаа урвуулан ашигласан асуудал огт байхгүй.
- - Шинэ он гараад удаагүй байна. Энэ жил хурлын
байгууллагаас хэрэгжүүлэх чухал ажлууд
юу байна вэ?
-Энэ жил сум бүрт хүрч ажиллана.
Хурлаас сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагийг “Төлөөлөгчийн нэг
өдөр” болгох шийдвэр гаргасан. Аймаг, сумын төлөөлөгч нар хамтран иргэд рүү
хандсан ажил зохион байгуулъя гэдэг байдлаар ажиллаж байна. Бид Өмнөдэлгэр
суманд очиж, аймгийн 2 төлөөлөгчийг оролцуулсан өдөрлөгийн арга хэмжээг зохион
байгууллаа. Ингээд цаашдаа сардаа 1-2 суманд төлөөлөгчийнхөө ажлыг сурталчлаад явахаар төлөвлөөд байна.
- - Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.