Сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 17:48:18

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж буй “Бидний амьдрах гэрэлт ирээдүй” хоёр сарын аяныг холбогдох байгууллагуудтай хамтран сумдад хэрэгжүүлж байна.

Хамгийн сүүлд буюу 3 сарын 2-ны өдөр таван хүний бүрэлдэхүүнтэй баг Хужирт суманд ажиллалаа. Тус сум 0-18 насны 2365 хүүхэдтэй бөгөөд 2014 онд хүүхэд оролцсон гэмт хэрэг 1 гарч байсан бол 2015 онд 7 болж нэмэгдсэн байна. Тиймээс Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн зэрэг албаны хүмүүсээс Хужирт сумын сургуулийн 6-9, 10-12 дугаар ангийн 800 гаруй сурагчдад бусдын бие мах бодид гэмтэл учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, ЕБС, СӨББ-ын 50 гаруй багш нарыг хамруулан “Хүүхдийн хүмүүжилд багш, сурган хүмүүжүүлэгчийн оролцоо” сэдвээр сургалтыг зохион байгуулжээ.

Түүнчлэн албан байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн тухай болон хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай мэдээллийг тус тус хүргэсэн байна. Хамтарсан баг энэ удаа Бүрд суманд ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news