Даянгийнхны байдал сайнгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 14:29:21

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян нуур дахь хаваржаандаа өвөлжсөн айлуудын байдалтай аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан газар дээр нь очиж танилцав.

Энд хилийн цэргийн застав, бага сургууль, хүүхдийн цэцэрлэг, хүн эмнэлгийн салбар, шашны мешид байдаг. 10 дугаар сараас орсон зузаан цасанд бэлчээр дарагдсанаар энд өвөлжсөн 60 айл малаа гардан тэжээсээр өдий хүрсэн боловч өвс тэжээл дуусах дөхсөн, тэжээл авах мөнгөгүй тул зээлээр олгохыг даргаас хүсэв.

Мөн тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр олгохоор зарласан атлаа бүрэн үнээр нь олгож байгаагийн учрыг олж өгөхийг санал болгов.

Дөчин сурагчтай бага сургуулийн дотуур байр, хорин хүүхэдтэй цэцэрлэгийн байр хуучирсан, хаалга цонх нь цоорхой, эмнэлгийн хаалга хаагддаггүй, түргэн тусламжийн тэрэгний бензин эс хүрэлцдэг, голоор өвөлжсөн малчид нүүгээд ирж байгаа тул эмч нарын ажил улам хүндэрдэг юм байна. Архалагийн модон гүүр цас хайлахад жил болгон эвдэрдэг тул бетон гүүртэй болгохыг малчид хүсэв. Б.Лазатхан дарга дотуур байранд засвар хийлгэх арга хэмжээ авахаа амласны дээр багш ажилчдынх нь залхууг шүүмжлэн, хаалга цонхнуудыг өөрсдийнхээ хүчээр даруй засварлахыг шаардав.                         

 

 

 

   Ш.Айзаря

 

Related news