Сирийн талууд хоорондын хэлэлцээг энэ сард сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-02 12:58:51

ЖЕНЕВ. /TASS/. Сирийн талууд хоорондын хэлэлцээний дараагийн шатыг энэ сарын 9-нд Швейцарийн Женев хотод эхлүүлэхээр товлосон тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгджээ.

“Хэлэлцээг дахин хойшлуулахгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Ложистикийн асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай байсан учраас хэлэлцээг сэргээхийг хойшлуулсан гэж де Мистурагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жесси Шахин мэдээлжээ. “Ложистикийн салбарт бэлтгэл ажлыг дуусгах шаардлагатай байсантай холбоотойгоор хэлэлцээг энэ сарын 9-нд болгон хойшлуулсан” гэж тэрбээр хэлсэн байна.

Сирийн талууд хоорондын хэлэлцээ Женевт энэ сарын 7-нд болох ёстой байсан боловч олон улсын хамтын нийгэмлэгийн элч төлөөлөгч эхлээд АНУ болон ОХУ-ын санаачилгаар Сирид энэ сарын 27-ноос эхлэн тогтоосон гал зогсоох дэглэм амжилттай хэрэгжих эсэхэд итгэлтэй байх шаардлагатай байв.

“Женевт хийх хэлэлцүүлэг нь түр эвлэрэх гэрээг зөрчиж байгаа эсэхийг хэлэлцэх газар болоосой гэж бид хүсэхгүй байна. Энэ хэлэлцээгээр бүх асуудлыг үндсээр нь шийдээсэй гэж бид хүсч байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Жаргал

 

Related news