Дарханаас 35 иргэн НӨАТ-ын буцаан олголттой худалдааны хонжворын эзэн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛНӨАТ-ын буцаан олголттой худалдаа хийсэн иргэн бүр 14 хоногт нэг удаа болох сугалаанд оролцох эрхтэй. Сугалааны нийт хонжворын сан нь хоёр тэрбум төгрөг. Эхний сугалаа энэ сарын 17-ны ням гарагт орон даяар явагдаж Дархан-Уул аймгаас нийт 35 хүн 20-500 мянган төгрөг хожлоо.
Одоогийн байдлаар тус аймагт 420 гаруй цэг буюу кассын машин Татварын Ерөнхий газрын нэгдсэн системд холбогдон ажиллаж байна. Дархан-Уул аймагт нийт 2224 ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа тухай аймгийн Татварын хэлтсийн дарга н.Баттулга ярилаа. Тэдгээрийн 70 орчим хувийг оны эхний улиралд багтааж кассын машинтай болгохоор ажиллаж байна гэж нэмж хэлэв. Тус хэлтэс нь НӨАТ-ын хуулийн өөрчлөлт, НӨАТ-ын урамшууллын системийг сурталчлах ажлыг байнга зохион байгуулж өнгөрсөн долоо хоногт л гэхэд 201 татвар төлөгчийг хамруулжээ. НӨАТ-ын хуулийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал. Иргэн бүр худалдаа, үйлчилгээний газруудад кассын машинтай, нэгдсэн системд холбогдох зэрэг шаардлагыг тавьж худалдан авалт хийсэн баримтаа www.ebarimt.mn хаягт бүртгүүлэх ёстой аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Уг хуульд иргэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж байгаа НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах мөн сугалаанд оролцох боломжийг бүрдүүлсэн юм.
Б.Норовсамбуу