Хөрсөн дээр 1-3 хэм хүрч, цочир хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-09-11 15:43:41
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ургацын төв штабаас Ус цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан төлвийн талаар ирүүлсэн  мэдээллийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлжээ.

Ихэнх нутгаар энэ сарын 11-15-ныг хүртэл бороо орж сэрүүсэх юм байна. Харин 15-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэсэн урьдчилсан мэдээ гарчээ.

Баруун аймгуудын нутгаар: 12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12,16-нд Алтайн  уулсаар, 13-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.  

Төвийн аймгуудын нутгаар: 10,13-нд ихэнх нутгаар, 11,14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10-11,13-14нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-11,13-14нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс, Тэрэлж орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, 11,14-нд хөрсөн дээр 1-3 градус хүрч, цочир хүйтэрнэ. Өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.    

Зүүн аймгуудын нутгаар: 11,15-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Энэ хоногуудад салхи ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-15-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр 1-3 градус хүрч цочир хүйтэрнэ өдөртөө 8-13 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.   

 Говийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд зарим газраар бороо орно. Салхи 10-11, 14-15нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.
Холбоотой мэдээ