ТЕГ-ын Тусгай архиваас хэлмэгдэгсдийн 10226 хэргийг судлан цагаатгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-07 16:46:44
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226  хэргийг судлан цагаатгуулжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар нөхөн олговор нэхэмжлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж цагаатгуулах ажлыг гүйцэтгэж байна.

Тус архивт мөрдөн байцаалтын хэрэг байхгүй хэлмэгдэгсдэд иргэдийн өргөдлийн дагуу УЕПГ-аас шинэ нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгаж, нотлох баримт тогтоогдвол цагаатгах ажиллагааг хийж байна.

Түүнчлэн улс төрийн хэрэгт баривчлагдан байцаагдсан боловч хэрэг баримт нь олдохгүй байгаа хүмүүст холбогдох хэрэг, таслан шийтгэсэн тогтоол болон холбогдох бусад баримтыг олж илрүүлэх ажлын хүрээнд энэ оны 9 дүгээр сарын байдлаар нийт 13 аймгийн архив болон аймгуудын шүүх, прокурорын архивын баримтанд үзлэг шалгалт хийж 219 хүнд холбогдох 212 хэргийг олж Тусгай архивт төвлөрүүлэн, цагаатгуулахаар ажиллаж байна.

Иргэд цагаатгалтай холбоотой өргөдөл хүсэлт гаргах, лавлагаа авах бол тус архивын иргэд хүлээн авах байраар, орон нутагт аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс болон тагнуулын газар, хэлтсээр уламжлуулан хандах боломжтой.
 
Холбоотой мэдээ