Үзэл бодлоо илэрхийлээд хоригдсон хүмүүсийг суллахыг уриална
МОНГОЛЫН МЭДЭЭ"Эмнести Интернэшнл"-ээс жил бүр зохион байгуулдаг “Эрхийнхээ төлөө бичицгээе” кампанит ажлын хүрээнд энэ сарын 4-17-нд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон хүмүүсийг суллахыг уриалахаар болжээ.
Эрх мэдэлтнүүдийг шүүмжилсэн иргэд мөрдөн шалгагдаж, ял шийтгэл эдлэх нь олширлоо хэмээн "Эмнести Интернешнл" хүний эрхийг хамгаалах дэлхийн хамгийн том кампанит ажлаа эхлүүлэхдээ мэдэгдсэн байна. Тиймээс энэ жилийн кампанит ажлаараа тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон хүмүүсийг суллах, эрүүдэн шүүгдсэн хохирогчдыг хамгаалах, хүний эрхийн зөрчлүүдийг таслан зогсоохыг шаардсан захидал, цахим уриалга, мессеж, факс, жиргээг улс орнуудын Засгийн газруудад дэлхийн өнцөг булан бүрээс илгээж байгаа аж.
2014 онд тус кампанит ажлын хүрээнд бичсэн захидал уриалга, мэссэж, твиттер жиргээний хүчээр эрүүдэн шүүгдэж, цаазаар авах ял сонссон Нигерийн Мосес Акатугба, орон байртай байх эрхийн төлөө тэмцэгч Камбожийн иргэн Йорм Бофа, Мьянмарын орон нутгийн манлайлагч Доктор Тун Аун, Оросын эсэргүүцлээ илэрхийлэгч Владимир Акименков нарыг суллуулж чадсан юм.
Энэ жил тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шүүхээр орж, ял сонссон Узбекистаны сэтгүүлч Мухаммад Бекзанов, Малайзын улс төрийн шог зураач Зулкифли Анвар Улхак буюу “Зунар”, Мьянмарын оюутан Фио Фио Аун, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын идэвхтэн тэмцэгч Ив Маквамбала, Фред Баума, Саудын Арабын хуульч Валид Абу аль-Хаир болон бусад эрх нь зөрчигдсөн нийт 12 хүний төлөө захидал уриалгын аян өрнүүлэхээс гадна хүн бүрт эрхийнхээ төлөө захидал бичихийг уриалж байна.
Монголын Эмнести Интернэшнл “Эрхийнхээ төлөө бичицгээе” аяны хүрээнд эрх нь зөрчигдсөн хүмүүст эв санааны нэгдлээ илэрхийлж, гарын үсэг цуглуулах аж.
Н.Туяа