Олон улсын эрдэмтэд Зүүн Азийн чиг хандлагыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-28 13:20:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн эдийн засаг, улс төр, нийгэм соёлын асуудалд өнөөгийн дэлхий нийтийн өөрчлөлтийн шинэ шатанд юу тулгарч буйг хэлэлцэж буй Зүүн Ази судлалын олон улсын ээлжит 10 дугаар хурал Улаанбаатар хотноо хоёр  дахь өдрөө үргэлжилж байна.

“XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС зохион байгуулж, БСШУСЯ дэмжин оролцож байна. Энэ нь нийгэм хүмүүнлэгийн салбарын чиглэлээр бүс нутгийн судалгааны ажлыг дэмжихэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгааг харуулж, хурлыг улам ач холбогдолтой болгож байгаа юм гэдгийг БСШУС-ын сайд Ц.Цогцолмаа онцолсон. Мөн энэ хурал нь Зүүн Азийн бүс нутаг дахь Солонгосын хойгийн улс төрийн уур амьсгал эерэгээр өөрчлөгдөж, уг хойгт энх тайвны үйл явц эрчимжихийн сацуу дэлхийн эдийн засгийн шинэ нөхцөл байдал үүсч, дэлхийн худалдааны сөргөлдөөн бий болж эхэлсэн, цаашлаад Монгол Улсын хөрш орнуудын улс төр, эдийн засгийн байдал хүчирхэгжиж буй, хөрш БНХАУ-аас дэлхий дахинд тунхагласан “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хөгжүүлэхээр чармайж буй үед болж буйгаараа ихээхэн онцлог тойг оролцогчид хэлж байв.



Хуралд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Франц, Канад, Финлянд, Швед, Шинэ Зеланд, Итали зэрэг гадаад орны 40 гаруй нэр хүнд бүхий эрдэмтэн судлаач, 30 гаруй дотоодын судлаачид нийт 5 салбар хуралдаанаар 57 илтгэл хэлэлцүүлэв. Тус хурлын талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга хэлэхдээ, “Зүүн Ази судлалын Олон улсын Эрдэм шинжилгээний хурал (ICEAS) 2000 оноос хойш нийт 9 удаа БНХАУ, Тайланд, Вьетнам, ОХУ-д амжилттай хуралдаж, Зүүн Ази судлалын чиглэлээр дэлхийн хэмжээний мэргэжлийн судлаачдын олон улсын хамтын индэр болсон юм. Эрдэмтэд Зүүн Азийн эдийн засаг, улс төр, нийгэм соёлын асуудлаар хийсэн судалгааны үр дүнг хурлын үеэр хэлэлцүүлдэг уламжлалаар хоёр жил тутамд дэлхийн аль нэгэн их сургуульд цуглан хуралддаг болж, энэ удаа МУИС-д зохиож байна. Ер нь хурлыг зохион байгуулахад 3 талын байгууллага байнга оролцдог уламжлалтай. Байнгын дэмжигч хоёр  байгууллага болох Осакагийн Эдийн засаг, Хууль зүйн Их сургуулийн Ази судлалын институт, Бээжингийн Их сургуулийн Зүүн Азийн судалгааны төв, гуравдагч байгууллага нь дэлхийн аль нэгэн нэр хүнд бүхий их сургууль зохион байгуулагч сургуулиар сонгогдон, тухайн удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг юм” гэв.
Б.Болд
Гэрэл зургуудыг Н.Батбаяр
 
Холбоотой мэдээ