"Айдас асуудлын гарц биш" аян өрнөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2015-12-09 13:39:17

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Зам тээврийн яамнаас "Айдас асуудлын гарц биш" аян өрнүүллээ.

Зам тээврийн сайд М.Зоригт өнгөрсөн долоо хоногт Тэргэнцэртэй иргэдийн холбооны болон Италийн АИФО байгууллагын төлөөлөлтэй уулзахдаа Зам тээврийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээг бий болгох гурван сарын хугацаатай амлалт авсан. Үүний дагуу тус яамны ээлжит шуурхай зөвлөгөөнд өнөөдөр дээрх байгууллагуудын төлөөллийг оролцуулан мэдээлэл сонссон байна.

Мэдээлэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тээврийн үйл ажиллагаа хангалтгүй байдаг, зам талбай зориулалтын бус гэх мэт олон дутагдлыг танилцуулжээ. Улмаар М.Зоригт сайд холбогдох газар, хэлтэс, агентлагийн дарга нарт эдгээр асуудлыг шийдвэрлэх тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.

Үүнээс гадна "Айдас асуудлын гарц биш" аяныг гурван сарын хугацаатай өрнүүлж байгаагаа мэдэгджээ. Хууль эрхзүйн орчин байсаар байхад асуудлыг шийдэхгүй удаашруулдаг гажуудлыг арилгах, хоорондоо уялдаа муутай, дүрэм журмыг цэгцлэхэд энэ аяны зорилго оршиж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд М.Зоригт сайдын удирдамжаар хотын нийтийн тээвэрт шалгалт хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ байхгүйг нотлон, бүх нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуудад даалгавар хүргүүлжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй автобуснуудаар парк шинэчлэх, Авто тээврийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал авч тусгуулах гэх мэт ажлыг хийж байгаа юм байна.  

Н.Туяа

 

Холбоотой мэдээ