НҮБ-ын Хүүхдийн сангаас 40 гаруй төрлийн 1500 ном хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-09 12:56:57

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын Үндэсний номын сантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Үндэсний номын сангийн байранд боллоо.

Санамж бичигт Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенэс,  Монголын Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаа нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс эрхлэн гаргасан ном, хэвлэлүүдийг хэвлэмэл болон дижитал хэлбэрээр олон нийтэд үнэ төлбөргүйгээр түгээхээр тохиролцлоо.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан номыг Үндэсний номын сангаар дамжуулан, аймаг, хотын болон их дээд сургуулиудын нийт 15 номын санд хүргүүлэх юм. Ингэснээр олон нийт, оюутан сурагчид, судлаач шинжээчид, шийдвэр гаргагч зэрэг олон хүнд хүрэх боломжийг нээж байна.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангаас Үндэсний номын санд эхний ээлжийн 40 гаруй төрлийн 1500 ном, гарын авлагыг хүлээлгэн өглөө. Тухайлбал, “Олон үзүүлэлтийн түүвэр судалгаа”, “Эрүүл мэндийн салбарын форматив судалгаа” зэрэг судалгааны тайлан, “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” бизнесийн үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хэрхэн хүндэтгэх, хамгаалах тухай компаниудад зориулсан гарын авлага, “Бага насны хүүхдэд ном уншиж өгөх тухай” эцэг, эхчүүдэд зориулсан гарын авлага, “Сургууль, цэцэрлэгийн барилгын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн ашиглалт засвар” зэрэг ном багтжээ.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурийн төлөөлөгч Роберто Бенэс хэлэхдээ, “НҮБ-ын Хүүхдийн сан нь хүүхэд болон хүүхдийн эрхтэй холбоотой мэдлэг, мэдээллийн тэргүүлэгч байхыг зорьдог. Тиймээс бид олон төрлийн судалгаа, гарын авлага, ном хэвлэлийг монгол хэлээр гаргадаг ч тухайн салбарын хүмүүст хүргэхээс хэтэрдэггүй байсан. Тэгвэл энэ санамж бичгийн ачаар чухал номнууд илүү олон хүнд хүрэх боломжтой болсонд баяртай байна. Өнөөдөр хүлээлгэн өгч байгаа 40 гаруй төрлийн номыг мөн дижитал хэлбэрээр өгөх болно. Энэ нь Монгол Улсын хэмжээнд номын сангуудыг цахимжуулах санаачилгад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” хэмээн онцлов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ