Туркийн "Кызыл ай" нийгэмлэг амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд өглөг үйлдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-22 09:55:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк улсын "Кызыл ай" нийгэмлэг мусульманчуудын ариун "Хурбан айт" баярыг тохиолдуулан 4500 толгой хонь нядалж, махыг нь амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд тарааж байна.

Уг ажлыг Монголын Мусульман Шашны Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ талаар тус холбооны тэргүүн мүфти М.Хуанганаас тодруулахад: "Өргөлийн малыг "Азат" компанийн халал стандартын дагуу баригдсан махны үйлдвэрт нядалж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй уутанд хийж амьжиргааны түвшин доогуур болон үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд тарааж байна. Багийн Засаг дарга нар зорилтот хүмүүсийн судалгааг гаргаж өгсөн. Тухайн багийн мечетүүдийн имам /сүмийн шашны ажилтан/ нар ч хамтран ажиллаж байна. Хонины махыг зөвхөн мусульман шашинтай хүмүүс биш нийт иргэдэд олгож байгаа. Түүнчлэн сумдад ч ядуу өрхүүдийн жагсаалтыг ирүүлэх санал тавьсан. Ирсэн жагсаалтын дагуу мах явуулах болно» хэмээлээ.

Турк Улсын "Кызыл ай" нийгэмлэг өнгөрсөн онд ч дээрх хэмжээний мал нядалж махыг нь тарааж байжээ.

Дашрамд дурдахад, гадаад улсад амьдардаг зарим мусульман иргэд өөрийнхөө нэр дээр мал гаргаж, Аллах бурханд өргөл бариулахаар мөнгийг нь хүмүүнлэгийн байгууллагуудад шилжүүлдэг байна. Мөнгийг хүлээж авсан байгууллагууд тухайн хүмүүсийн нэрсийг нэг бүрчлэн нэрлэж, ном уншуулж, тэдний нэрээр мал нядлан махыг нь тараадаг ба амиа бодож шударга бусаар тараавал хараал хүртдэг гэлцдэг юм.  


Ө.Нурболат
 


Холбоотой мэдээ