“Coal Mongolia-2018” чуулга уулзалт технологийн дэвшлийг онцолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-20 10:49:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2018” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн есдүгээр сарын 4-5-нд “Шангри-Ла” зочид буудалд болох гэж байна.
“Технологийн дэвшилд хамтдаа!” уриан дор болох энэ удаагийн чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Гложекс Консалтинг” ХХК, хамтран зохион байгуулагчаар “Монгол нүүрс” ассоциац болон Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны томоохон компанийн нэг “Fenwei Energy Information Services Co.,Ltd” (Fenwei) буюу www.sxcoal.com ажиллаж байна. Энэ жилийн чуулганы онцлог нь Монголын нүүрсний экспорт дээд хэмжээнд хүрч, эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортолж эхэлсэн салбарын онцлог үйл явдлын үеэр болох гэж байна. Шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд барьж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж эхэллээ. Салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарч байна. Иймд энэ удаагийн чуулганаар технологийн дэвшлийг онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн  бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаа аж.  Чуулганд оролцсоноор салбарын лидерүүдтэй нүүр тулан уулзаж бизнесийн харилцаа хамтын ажиллагаа тогтоож, нүүрсний салбарын зах зээл, үнийн чиг хандлагын талаар дэлхийн шилдэг судлаачдын байр суурийг сонсох боломжтой гэж зохион байгуулагчид мэдэгдэж байна. Мөн салбарын бодлого, төлөвлөлт, шинэ төслийн мэдээлэл авч, хөрөнгө оруулалтын төслүүдийг олно. Борлуулалтаа нэмэгдүүлж, шинэ техник, технологийн үнэ өртөг, бүтээмжийн мэдээлэл авч, бага зардлаар цаг хугацаа хэмнэн бизнесээ өргөжүүлэх боломжтой гэж байна. Чуулганд:
  • Засгийн газрын гишүүд, яам агентлагийн газрын дарга, мэргэжилтэн
  • Нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд
  • Худалдаа, тээвэр ложистикийн компаниуд
  • Оператор компаниуд
  • Хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд
  • Хайгуул төсөл эзэмшигчид, жуниор компаниуд
  • Техник технологийн компаниуд, бэлтгэн нийлүүлэгчид
  • Зөвлөх үйлчилгээ, программ хангамжийн компаниуд
  • Эрдэмтэн судлаачид.
Тодруулга: “Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын  чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулагдсаар ирлээ.
Б.Болд
 
 
 
Холбоотой мэдээ