Томск хотын компаниуд Монголоос үхрийн мах импортлох сонирхолтой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-08-15 10:39:32
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/.МҮХАҮТ, ОХУ-ын Томск хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд энэ сарын 14-ний өдөр хоёр талын бизнес эрхлэгчдийн уулзалт  МҮХАҮТ дээр боллоо. Уулзалтыг ОХУ-ын жижиг дунд үйлдвэрлэл дэмжих төслөөс санхүүжүүлдэг бөгөөд хоёр орны бизнесийн байгууллагуудад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, экспортоо нэмэгдүүлэх боломж олгодгоороо онцлогтой.  

Уулзалтад МХАҮТ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Томск хотын ХАҮТ-ын гадаад харилцааны газрын дарга А.Н.Беляев, Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгч М.В. Васильев түүнчлэн Монгол, Оросын газар тариалан, технологи, харилцаа холбоо, хүнс, худалдааны чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

“Томск хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай дөрөв дэх жилдээ хамтран бизнес уулзалт зохион байгуулж байна. Уулзалтын үр дүнд хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагаа тогтоож, экспортоо нэмэгдүүлсэн олон жишээ бий. Бид ОХУ руу голчлон үхэр, адууны мах экспортлож байна. Ирэх оны нэгдүгээр сараас ОХУ-ын махны импортын тариф, НӨАТ нэмэгдэж 70 хувь болно гэж ХХААХҮЯ-аас мэдээлсэн. Энэ намар манай хоёр улсын төрийн тэргүүн Дорнын Эдийн засгийн чуулганаар уулзалдаж, махны экспортын татварын үнэ тарифыг багасгах, чөлөөт худалдааны бүс байгуулах зэрэг чухал асуудлыг хэлэлцэж, үр дүнд хүрнэ гэж итгэж байна. Дашрамд дуулгахад энэ сарын 17-19 өдрүүдэд Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор байгуулах уулзалтын хүрээнд БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт худалдааны бүсэд гурван улсын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой” хэмээн МХАҮТ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш хэллээ.

Шинжлэх ухаан, техник, эрчим хүч, газрын тос, органик хийн үйлдвэрлэлээр бүс нутагтаа тэргүүлдэг Томск хотын төлөөлөгчид өөрсдийн компанийн үйл ажиллагаа, бизнес боломжуудаас танилцуулж манай аж ахуйн нэгжүүдэд улаанбуудай, гахайн өөх, нарийн боов, холбооны кабель нийлүүлж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв.

“Манай хоёр ХАҮТ олон жилийн өмнөөс харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Томск хотын махан бүтээгдэхүүн, зайрмаг, холбооны кабель, хэмжилтийн багаж хэрэгсэл зэрэг олон бүтээгдэхүүн Монголын зах зээлд танигдаж байна. Өчигдөр бид ХХААХҮЯ-тай уулзалт хийж Томскийн хөдөө аж ахуйн томоохон компани болох “Сибирская аграрная группа” монгол үхрийн мах импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мах, махан бүтээгдэхүүний импорт, экспорт дээр тодорхой хүндрэл гардаг ч энэ асуудал хоёр улсын Засгийн газрын анхааралд байгаа” хэмээн Томск хотын ХАҮТ-ын гадаад харилцааны газрын дарга А.Н.Беляев онцолсон юм.

Төлөөлөгчид Номин Холдинг, Жем интернэшнл, Траст трейд, Мобиком, Жи мобайл, Юнител, Талх чихэр, Милл хаус зэрэг үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах юм байна.
Холбоотой мэдээ