Худалдаа эрхлэгчдийн саналыг нэгтгэн авахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-31 17:53:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотод ТҮЦ ажиллуулан худалдаа эрхлэж буй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба болон НМХГ, Цагдаагийн газар, төвийн зургаан дүүргийн удирдлага оролцлоо. Худалдаачдын зүгээс бизнес эрхлэх эрхзүйн орчинг бий болгож, бодлогын түвшинд дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн баталгаагаар хангахыг хүсч, нийслэл болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудад хандаад байсан юм. 
НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба хэлэхдээ, “Нийтийн эзэмшлийн зам талбайд үйлчилгээ явуулж, ил задгай худалдаа эрхлэх, эмх замбараагүй байдал үүсгэхийг хуулиар хориглосон учир энэ бол өнөөдөр гэнэт гарч ирсэн асуудал биш. Өмнө нь нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх журам гарсан нь одоогийн олон хуультай харшилж зохицуулалт хийхэд хүндрэл үүсээд байгаа юм” гэв. Тэрээр, журмыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул бид худалдаа эрхлэгчдийн саналыг журмын төсөлдөө тусгаж НИТХ-д өргөн барина. Худалдаа эрхлэгчдээс саналыг нь аваад нийтлэг үйлчилгээ эрхлэх журмын төслөө НИТХ-д өргөн барьсан боловч дахин өөр холбоод гарч ирээд саналаа тусгахыг хүссэн. Нэгэнт өргөн барьсан журмын төсөл дээр дахин санал авах нь хуулийн дагуу боломжгүй зүйл. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ойрын хугацаанд дахин санал авах ажлыг зохион байгуулах тухай НИТХ-ын ажлын албанд хүсэлт гаргасан. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцсийн байдлаар дахин санал авах боломжийг олгож байна” гэв. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжийг нийслэл, дүүргийн ямар нэгэн албан тушаалтан буруу, зөв гэж ярих эрх байхгүй. Тийм учраас үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчдад хүндэтгэлтэй хандах нь зүйтэй. Бид цаашдаа худалдаа, үйлчилгээ, хэрхэн, ямар журмаар зохицуулахыг хэлэлцэхээр уулзаж байна. Ойрын хугацаанд хоёр шатны хэлэлцүүлэг зохион байгуулна. Үүнд ТББ болон холбоод албан ёсоор саналаа өгч тусгах хэрэгтэй. Дүүргүүдийн газар нутаг, онцлогоос шалтгаалаад өөр өөр нөхцөл байдал үүсч байгаа учраас дүүрэг дээр зохион байгуулагдах хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох хэрэгтэй. Мөн нийтлэг журамд тусгах саналаа өгөх хэрэгтэй” гэв. Ийнхүү уулзалтын эцэст хоёр шатны хэлэлцүүлгийг дүүргүүд дээр явуулж ирсэн, гарсан саналуудыг нэгтгэж нэгдсэн хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулахаар болов. Хуралдааны төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Энд ирсэн болон ирж амжаагүй ТББ-ын төлөөлөл, холбоод бүгд нэгдээд журманд оруулах санал дээр онцгой анхаарч, эцсийн нэгдсэн нэг саналаа оруулж ирэхийг худалдаа эрхлэгчдээс хүсэв.
 
Холбоотой мэдээ